Аймгийн “Гоо охин” шалгаруулах тэмцээн 20 жилийн дараа дахин сэргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-10 14:27:52

Монголын охидын ариун нандин, ухаан төгс, нинжин сэтгэл, гоо үзэсгэлэнг эрдэм боловсролтой хослуулан, ёс зүйн болоод гоо сайхны өндөр мэдрэмжтэй, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд тус дэм өгөх зорилготой Сэлэнгэ аймгийн “Гоо охин” шалгаруулах тэмцээн аймгийн төв Сүхбаатар хотод амжилттай болж өндөрлөлөө.

Энэ сарын 2-ноос 7-ны хооронд хоёр үе шаттай зохион байгуулсан уг тэмцээнд 60 гаруй охид оролцон өрсөлдлөө. Тэмцээний 1-р шатанд 60 ггаруй охид оролцон өрсөлдснөөс 30 гаруй охид тунан үлдэж дараагийн шатанд орох эрхээ авсан юм. Ингээд гоёлын хувцасны үзүүлбэр, үндэсний хувцасны үзүүлбэр, авьяас чадварын үзүүлбэр гэсэн шалгаруулалтаар уралдаанд оролцсон охидоос 2-р шатанд 9 охин тунан үлдэж, шилдгийн шилдэг нэг гоо охиноор Сүхбаатар сумын Улсын тэргүүний лаборатори 4-р сургуулийн сурагч М.Ариунжаргал шалгаран Сэлэнгэ аймгийн 2015 оны “Гоо охин”-оор шалгарч, мөнгөн титэм, өргөмжлөл, тууз, 700000 төгрөгийн шагналын эзэн боллоо.

Энэхүү тэмцээнд охид маань орсноор хувь хүн өөрийгөө нээж, үнэлж, шинэ зүйлийг санаачлан харах, ирээдүйд өөдрөг сайхан үзэлтэй, бүтээлч бүсгүй болон төлөвших юм байна. Аймгийн “Гоо охин” шалгаруулах эл тэмцээн 20 гаруй жил завсарласны дараа ийнхүү дахин сэргэлээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ