Гэмт хэргийг шийдвэрлэх 80 хоногийн аян эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-10-02 15:00:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/ УИХ-аас шинэчлэн баталсан Эрүү, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд энэ оны 07 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотой Нийслэлийн прокурорын газраас Нийслэл, дүүргийн хэмжээнд хэрэг бүртгэлтэнд шалгагдаж байгаа хэргүүдэд сэжигтэн, яллагдагчийг олж тогтоон, хэргийг мөрдөн байцаалтанд шилжүүлэн шийдвэрлүүлэх нэгдсэн арга хэмжээг  10-12 дугаар сард зохион явуулах удирдамжийг дүүргийн прокурорын газрууд болон Мөрдөн шалгах байгууллагуудад хүргүүлээд байна.

Нэгдсэн арга хэмжээ 80 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацаанд  Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газар, Хэрэг бүртгэх алба, дүүргийн Цагдаагийн хэлтсүүд, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах, Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсүүдэд шалгагдаж байгаа хэргүүдийг хянан шалгах юм. Аяны хүрээнд хэрэг бүртгэлтэнд шалгагдаж буй нийт хэргүүдийг прокурорын газарт байгаа дүн мэдээ, бүртгэлтэй тулгалт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох талаар хуульд заасан бүхий л арга хэмжээг авч ажиллахыг Нийслэлийн ерөнхий прокуророос дүүргийн прокурорын газруудад үүрэг болгожээ. Дээрх арга хэмжээний нэгдсэн мэдээг авч 12 дугаар сарын 25-ны дотор дүгнэж, Нийслэлийн прокурорын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байна.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ