Зургаан талт арга хэмжээ ирэх онд Дорнод аймагт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-10-05 17:16:23
Дорнод /МОНЦАМЭ/ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Улаанхад хотод зургаан аймгийн нэгдсэн арга хэмжээ 3 дахь удаагаа зохион байгуулагдлаа. Монгол Улсын Зүүн бүсийн гурван аймаг болон ӨМӨЗО-ы Туньляо, Улаанхад, Шилийн гол аймаг хоорондын “3+3” бүс нутгийн энэ удаагийн уулзалт өнгөрсөн сарын 21-24-ний хооронд болсон.
Зургаан талт уулзалтад Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг тус бүрээс бизнес, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 10 төлөөлөгч оролцжээ.
Дорнод аймаг Хөлөнбуйр, Хянган, аймгуудтай олон жилийн нөхөрсөг хамтын ажиллагаатай. Харин Улаанхад, Туньляо, Шилийн гол аймгуудтай хамтын ажиллагаа эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Дээрх уулзалтаар Шилийн гол аймагтай хамтарч ажиллах чиглэлээр “Санамж бичиг”-т гарын үсэг зурж, бусад аймгуудтай долоон чиглэлээр хамтарч ажиллахаар болсон. Тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, уламжлалт анагаах ухаан, хөдөө аж ахуй зэрэг чиглэлээр нэн түрүүнд хамтарч ажиллахаар болжээ.
Ирэх жилийн зургаан талт уулзалт манай аймагт болох юм байна.

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ