БНАСАУ-ын заналхийллийг таслан зогсоохын тулд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэж мэдэгджээ

Дэлхийд | Улс төр
172@montsame.mn
2017-10-06 14:15:19
ВАШИНГТОН. /ТАСС/. БНАСАУ нь үй олноор хөнөөх зэвсэг хэрэглэнэ хэмээн АНУ болон түүний холбоотнуудад заналхийлж байна. Үүнээс сэрэмжлэхийн тулд АНУ-ын эрх баригчид шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт америкийн цэргийн удирдах албан тушаалтнуудтай уулзахдаа мэдэгджээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн албанаас тараасан мэдээлэлд өгүүлснийг ОХУ-ын ТАСС агентлаг уламжлав.  
 
“Умард Солонгосын талаар бидний баримталж буй бодлого бол тус улсын цөмийн хөтөлбөрийг таслан зогсоох зорилт юм. Энэ дарангуйлагч дэглэм үй олон хүн устгана хэмээн манай улс болон холбоотнуудад маань заналхийлэхийг бид тэвчихгүй. Үүнээс сэрэмжлэхийн тулд хийх ёстой зүйлийг хэрэгжүүлэх л болно. Шаардлагатай тохиолдолд зайлшгүй хэрэгжүүлнэ гэдэгт итгэж болно” гэж Америкийн удирдагч онцлон тэмдэглэжээ.
 
БНАСАУ цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө идэвхтэй хөгжүүлж, АНУ, БНСУ цэргийн хамтарсан хээрийн сургуулилт хийж байгаатай холбоотойгоор Солонгосын хойгийн түгшүүртэй байдал намжихгүй байгаа билээ. БНАСАУ долдугаар сард хоёр удаа баллистик пуужин туршиж, наймдугаар сарын 29, есдүгээр сарын 15-нд Японы нутаг дэвсгэрийг давуулан пуужин харван туршиж, есдүгээр сарын 3-нд устөрөгчийн цэнэгт хошуу амжилттай туршсан тухайгаа зарласан юм.
Л.Батбаяр
Холбоотой мэдээ