Мьянмарын сөрөг хүчин парламентад олонх болж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБАНГКОК. /TASS/. Мьянмар улсад 11 дүгээр сарын 8-нд болсон парламентын сонгуулийн дүнгийн талаар тус улсын Сонгуулийн хороо шинэ мэдээлэл хийлээ. Саналын хуудсыг тоолсны дараа тус улсын сөрөг хүчин парламентын хоёр танхимд хоёуланд нь 90 хувийн мандат авчээ.
Тус улсын Сонгуулийн хорооноос мэдээлснээр, парламентын доод танхимын 149 суудлын 134-ийг нь “Ардчиллын төлөөх үндэсний холбоо” нам авсан бол эрх баригч Эв санааны нэгдэл, хөгжлийн холбооны нам ердөө 8 мандат авсан байна. Үлдсэн 7 суудлыг сонгуульд оролцсон дөрвөн жижиг нам авчээ.
Парламентын дээд танхимд сөрөг хүчин мөн итгэлтэйгээр ялсан байна. 33 суудалтай тус танхимд “Ардчиллын төлөөх үндэсний холбоо” нам 29 суудал авсан бол эрх баригч нам ердөө хоёрхон суудал авсан байна. Сонгуулийн эцсийн дүнг хоёр долоо хоногоос хэтрэлгүй танилцуулах төлөвтэй байна.
Мьянмарт ардчилсан нийгэмд шилжих анхны алхмыг хийх үед буюу 2010 онд парламенттай болсон юм. Үүнээс өмнө тус улсыг 1962 оноос хойш цэргийн дэглэм удирдсан билээ. Мьянмарын парламент нийтдээ 664 гишүүн бүхий дээд болон доод танхимтай. Тус улсын хуульд заасны дагуу, парламентын хоёр танхимын хоёулангийнх нь суудлын дөрөвний нэгд дээд командлалаас цэргийнхнийг томилдог байна. Үлдсэн мандатын төлөөх сонгуулийг холимог системээр явуулдаг аж. Мьянмарын сонгуулийн өмнөх кампанит ажилд 91 намыг төлөөлсөн 600 мянга гаруй нэр дэвшигч оролцжээ.
Д.Жаргал