Спортын төрөлжсөн сургууль 250 медалийн эзэдтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-10-12 11:33:16

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн спортын төрөлжсөн сургалттай долдугаар дунд сургууль нь 250 медалийн эзэдтэй болсон байна.
Дээрх медалийн эздэд аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж мөнгөн урамшуулал олголоо. 
Уг сургуулийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулан өнгөрсөн оны 10 дугаар сарын 4-ний өдөр нээсэн юм. Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд чамлахааргүй амжилтыг үзүүлсэн багш сурагчдад аймгийн удирдлагууд амжилт хүслээ. 

Тив дэлхийд улс, аймаг, сургуулийнхаа нэрийг дуурсгах, өндөр зэрэглэлтэй тамирчин сурагчдыг бэлтгэх зорилготой энэхүү сургууль нь спортын 10 төрлөөр сурагчдаа бэлтгэж байна. Тасралтгүй бэлтгэл хийж, тэмцээн уралдаанд оролцож ийнхүү 250 медалийг нутагтаа авч иржээ. Үүнд дэлхийн аваргаас 2 мөнгө, 1 хүрэл, улсын аваргаас 7 алт, 6 мөнгө, 9 хүрэл, ОУ-ын хүүхдийн их наадмаас 1 мөнгө, 1 хүрэл, олон хотын чанартай тэмцээнээс 3 алт, 5 мөнгө, 8 хүрэл, бүсийн чанартай тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 8 хүрэл, аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс 68 алт, 58 мөнгө, 55 хүрэл медаль авчээ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ