“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-10-14 14:33:46
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тэмдэглэж ирсэн уламжлалтай. “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг 2017 онд “Гамшигт нэрвэгдэгсдийн тоог 2030 он гэхэд бодитойгоор бууруулах” уриатайгаар тэмдэглэж байгаа.

Энэ өдрийг Дархан-Уул аймгийн хэмжээнд 2 үе шаттай зохион байгууллаа. Нэгдүгээр шатны үйл ажиллагааг Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол, Орхон сумын иргэд олон нийтийн дунд 10 дугаар сарын 12-ны өдөр, хоёрдугаар шатны үйл ажиллагааг 10 дугаар сарын 13-ны өдөр аймгийн хэмжээнд тус тус зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан бага насны хүүхэд, өсвөр залуу үе хийгээд иргэн бүр  гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдлээс хэрхэн өөрийгөө болон өрөөл бусдыг хамгаалах тухай дадал хэвшлийг таниулах, хүүхэд багачуудад анхан шатны мэдлэг олгох мэдээллийг сонордуулж дадлагаар танилцуулаа. Түүнчлэн 7 зарчмын үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг Улаан загалмайн нийгэмлэгийн Дархан-Уул аймагт дахь хороо гамшигт нэрвэгдсэн айл өрх, иргэнд хэрхэн тусламж хүргэдэг, гамшгийн эрсдлийн сангийн үйл ажиллагаа, малчид, алсагдсан айл өрхүүдэд мэдээллийг хэрхэн хүргэдэг талаар зөвлөмж мэдээлэл хүргэлээ.

Дээрх үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд, Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, их дээд сургуулийн оюутан, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Сургуулийн өмнөх боловсролын /СӨБ/ хүүхэд багачууд, Улаан загалмайн хороо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, багийн иргэд бүрэн хамрагдсан юм. Мөн Онцгой байдлын албанд шинээр томилогдсон алба хаагчид ОБАЭБ-ын албан хаагчийн тангараг, цэргийн тангарагийг ард иргэдийнхээ өмнө өргөснөөс гадна онцгой байдлын албанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж зарим алба хаагчдийг шагнаж урамшууллаа.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ