Иргэдийн хандиваар багийн төвөө зассан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-10-16 12:18:46
Увс /МОНЦАМЭ/. Сагил сумын Үүрэг нуур багийн иргэд өөрсдийн санаачлагаар багийн төвөө засч тохижуулах ажлыг хийсэн байна. Үүндээ байгаль хамгаалах дөрвөн нөхөрлөл болон хилийн заставын ажилчдын хүчийг ашигласан аж.
Баг тохижуулах ажилд нийтдээ 5 сая 167 мянган төгрөг зарцуулагдсан бөгөөд энэ мөнгийг сарын хугацаанд баг дотроо хандивын аян зарлаж цуглуулсан байна. “Сайт хүрэн” нөхөрлөл биеийн тамирын талбайг, “Их наяд” нөхөрлөл гадна тохижилт, “Аргат хариг” нөхөрлөл дотор тохижилт, “Үүрэг нуур” нөхөрлөл нийтийн бие засах газар, Хилийн цэргийн заставын хамт олон хүүхдийн тоглоомын талбайг тус тус хариуцан авч тохижуулсан аж. Тус багийн иргэд сарын дотор хандив цуглуулан өөрсдийн хүчээр багийн төвөө тохижуулсандаа сэтгэл өндөр байна. Ингэснээр Үүрэг нуур багийн иргэд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх тохилог багийн төвтэй, хүүхэд залуус нь тоглох талбайтай болж, бусад багууддаа үлгэрлэж байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ