Аймгийн Засаг даргыг огцрохыг шаардаж жагсаал зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-10-19 22:23:40
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Батболд тайван жагсаал цуглаан хийх мэдэгдлээ өнөөдөр аймгийн Цагдаагийн газрын дэд дарга Ц.Жамбалдорж, Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав нарт гардуулан өглөө. Тэрбээр энэхүү жагсаал цуглаанаа Ю.Цэдэнбалын талбай дээр ирэх сарын 7-оос 12-р сарын 7-ыг хүртэл нэг сарын хугацаанд хийх аж.
Жагсаал цуглаан хийх болсон гол зорилгодоо 10 зүйлийн шаардлага тавьсан байна. Тухайлбал, аймгийн Засаг дарга Д.Батсайханыг хууль бусаар томилогдсон гэж үзэж огцрохыг шаардаж байгаа аж. Мөн аймгийн МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлууд хийгдэж эхлээгүй, ах дүү, найз нөхөд, тойрон хүрээлэгчдийн томилгоо хэрээс хэтэрсэн, төрийн албаны удирдах албан тушаалтнуудын хүнд суртал, хууль бус үйлдэл, ёс зүйгүй байдал газар авсан, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээ хаалттай, дутуу дулимаг, цөөхөн хүмүүсийн эрх ашигт үйлчилдэг болсон гэж үзэн эсэргүүцэл илэрхийлж байгаа аж. Тэрчлэн байгууллагын төсвийн ил тод байдал алдагдаж худалдан авах ажиллагаа нууцлагдмал болсон, эгэл жирийн төрийн албан хаагчдыг дарамтлах, шахалт үзүүлэх байдал илт нэмэгдсэн зэрэг хууль бус үйлдлүүдийг даруй таслан зогсоож, аймгийн Засаг дарга болон түүний ЗДТГ-ын дарга, хэлтсийн дарга нарыг үүрэгт ажлаас нь огцруулахаар ард иргэдийн гарын үсэг цуглуулж аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэх, Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлэхийг зорьж байгаа гэнэ.
Ц.Батболд төлөөлөгч энэхүү үйл ажиллагаандаа ард иргэд, ТББ-уудыг нэгдэхийг уриаллаа. Тэрбээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд аймгийн Засаг даргын орлогчоор ажилласан бөгөөд Ханхөхий хайрханы тахилгын үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхантай муудалцаж улмаар ажлаасаа халагдсан юм.
Б.Батхүү
Холбоотой мэдээ