Амаржих тасагт эмч дутагдалтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-10-25 15:20:22
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Ч.Уранчимэгээр ахлуулсан ЗДТГ, ЭМГ, МХГ-ын ажлын хэсэг БОЭТ-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, тулгамдаж буй асуудал болон цаашид анхаарч ажиллах асуудлуудыг авч хэлэлцлээ. 
Ховд аймагт нялхсын эндэгдэл, хүн амын дундах хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байгаа бөгөөд цаашид эрсдэлийг бууруулах зорилгоор нөлөөлж буй хүчин зүйлсийг олж бууруулах арга замыг судлан шат дараатай арга хэмжээ авахаар ажлын төлөвлөгөө боловсрууллаа. Түүнчлэн тус байгууллагын эмч мэргэжилтнүүдийн цаг ашиглалтыг сайжруулах, үйлчлүүлэгчидтэй харьцах харилцаа хандлагыг сайжруулах талаар ажлын хэсэг үүрэг чиглэл өглөө.
Харин Амаржих тасгийн хувьд үйлчилж буй хүн амын тооноос хамааран бүрэн орон тоогоороо ажиллавал нийт найман их эмч ажиллах ёстой. Гэтэл одоогоор дөрвөн их эмч ажиллаж байна. Мөн нярайн эмч дутагдалтай байгаа аж. Тиймээс цаашид эмч нарын нөөцийг бүрдүүлэх талд анхаарч өгөхийг аймгийн Амаржих газрын эрхлэгч онцолж байлаа. 
БОЭТ-ийн хувьд Бельгийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжих төслийг хүлээж тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэлгүй олон жил болж байгаагаас үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг тэр бүр хангаж чадахгүй байгааг эмнэлгийн  удирдлагууд учирлаж хүслээ. Тус төслийн тоног төхөөрөмж нь Монгол Улсын Засгийн газраас оруулах хөрөнгө оруулалтаас хамааран өдий хүртэл улбаалан нийлүүлэгдэхгүй өдий хүрсэн. Харин ирэх оны төсөвт уг төслийн дийлэнх хувийг шийдвэрлэсэн бөгөөд үлдсэн хувийг төсвийн тодотголоор оруулж шийдүүлэхээр хүлээж байгаа юм байна.
Ийнхүү дээрх ажлын хэсэг тус байгууллагын тасаг нэгжүүдээр орж ажилтан албан хаагчдын санал хүсэлтийг сонслоо. Цаашид энэ хүрээнд 10 хоногийн хугацаанд ажиллаж иргэд, үйлчлүүлэгчдийн дунд Санал хүсэлтийн хайрцаг ажиллуулах юм байна. 
                                                                                                                                                   А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ