Зарим дэлгүүр, баар, цэнгээний газрын ажиллах цагийг сунгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-10-29 11:55:43
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Энэ сарын 24-өөс “Hi-mart”, “Төгөл” худалдааны төв шөнийн 24 цаг хүртэл архи худалдан борлуулах, есөн баар, караоке шөнийн 03 цаг хүртэл архи, согтууруулах ундаагаар үйлчлэхээр боллоо. Тодруулбал, “Asia” ресторан, “Тopaz”, “Paris”, "Баялаг" “Өргөө кино театр”-ын караоке, “Loft”, “Sugar”, “Casino”, “Tiger” баар шөнийн 03 цаг хүртэл үйл ажиллагаа явуулахаар боллоо.
Үүнийг өнгөрсөн хоёрдугаар сард аймгийн ИТХ-аас гаргасан “Орхон аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг үндэслэсэн юм. Уг журмын дагуу дээрх байгууллагууд хууль эрх зүйн чиглэлээр 15 төрлийн  үүрэг хүлээж  аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэстэй хамтран ажиллах нэг жилийн хугацаатай гэрээ байгуулж байгаа ажээ. Шөнийн 00 цагаас хойш архи худалдан борлуулах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжүүд нь гадна болон дотор камержуулалтаа нэмэгдүүлэх, E баримт олгох, автомашины зогсоолоо нэмэгдүүлж, тохижуулах, орчин тойрондоо үзүүлэх сөрөг нөлөөллөөс хамгаалах, хамгаалалтын мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах  ёстой гэсэн шалгуурыг хангаж байгаа гэнэ.
Өмнө нь Орхон аймгийн худалдаа, үйлчилгээний төвүүд шөнийн 24 цаг хүртэл  ажиллах журамтай байсан бөгөөд энэ нь шагчдыг нэмэгдүүлэх нэгэн шалтгаан болж байсан юм. Баар, цэнгээний газрууд хаагдангуут шагчид нэг шилийг архийг дэлгүүрийн үнээс 2 дахин үнээр нууцаар борлуулж байсан юм. Үүнийг таслан зогсоох, худалдаа, үйлчилгээний чиглэлээр хотын соёл нэвтрүүлэх зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан гэж ХОХБТХ-ийн мэргэжилтэн хэллээ.
Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ