Д.Ганхуяг: Эмч, багш, цагдаагийн цалин ирэх онд буурахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-13 18:17:21

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 75.5 хувийн саналаар баталлаа.

Уг бодлого баталснаар инфляцийг 2016 оны эцэст 7 хувьд, 2017-2018 онд 5-7 хувьд хүргэж тогтворжуулах, төгрөгийн  гадаад  валюттай  харьцах  ханш  нь  эдийн  засгийн  суурь  нөхцөлтэй нийцтэйгээр уян хатан тогтоох, банкуудын төлбөрийн чадварыг хадгалж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, эдийн засаг тогтвортой өсөх нөхцлийг бүрдүүлэх үүргийг Монголбанк хүлээж байна.

Мөн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 62.7 хувийн саналаар дэмжин баталлаа. Үүний дараагаар 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг гишүүдийн асуултад, "Багш эмч нарын цалин буурахгүй. Цагдаа нарын цалин буурахгүй" гэсэн бөгөөд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн, "Цөөн хүнийг ажилтай байлгаад, бусад хүмүүсийг цомхотгоё гэж байгаа юм уу. Хэдэн хүнийг хэзээнээс цомхотгох гэж байна вэ" гэсэн асуултад Д.Ганхуяг гишүүн, "Ирэх оны төсөв батлагдсанаар нэг ч хүнийг ажлаас халахгүй байх боломжтой.Төрөөс урсгал зардлаа авдаг байгууллагууд урсгал зардал дотроо зохицуулалт хийх боломжтой" хэмээн хариулж байв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж хариулт авсаны дараагаар төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг олонх дэмжсэн тул дөрөв дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна.

Б.Туул

Холбоотой мэдээ