С.Дэмчиг Өвөрхангай аймагт ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-16 10:13:35

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга С.Дэмчиг Өвөрхангай аймагт ажиллаж байна. Тэрбээр “Цаг үе” сэдвээр илтгэл тавьж, иргэдийн санаа бодлыг нь сонсохын зэрэгцээ бодит байдал дээр ард түмний амьдрал ямар байгааг судалж яваа юм.

Түүний томилолт энэ сарын 7-ны өдөр Баянгол сумаас эхэлж, Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан, Тарагт, Хайрхандулаан Уянга сум, Нарийнтээл болон Жаргалант багт ажилласан байна. Малчдын хувьд нэн тулгамдаж буй нийтлэг асуудал бол мах болон малын гаралтай түүхий эдийн үнийн уналт аж. Энэ жил Өвөрхангай аймагт зуншлага сайхан болсон. Ирэх өвөл ч өнтэй байна гэж нутгийн иргэд, малчид ярьж байв. Тиймдээ ч малаа хамаагүй нядалж, зарахыг урьтал болгохгүй байгаа гэнэ. Гэвч орон даяар махны үнэ хямдарч сайн эр ямаа 60 мянган төгрөг, хэрэв гулууз болгоод бөөний үнээр зарвал кг нь 1700 төгрөгөөр борлуулж байгааг хэлж байлаа.

С.Дэмчиг томилолтынхоо үеэр Богд сумын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгидтэй уулзсан. Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн орлого малчдаас ихээхэн хамаардаг, малчид мөнгөгүйдвэл борлуулалт мууддаг байна. Тус сум 5000 гаруй хүн амтай, түүнээс цэцэрлэгийн насны 600 хүүхэдтэй. Гэтэл 90 хүүхэд хүлээж авах чадалтай ганц цэцэрлэгт 165 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа юм байна. Тиймээс цэцэрлэгийн өргөтгөлийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байгааг дуулгав. Энэ үеэр иргэд төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх хэрэгтэй гэсэн саналаа хэлж байсан юм.

Баруунбаян-Улаан сумын иргэдийн хувьд  сумынх нь нутаг дэвсгэр дээр 7-8 алтны уурхай ажиллаж, газар нутгийг нь сүйтгэж байгаа талаар хөндөж байсан. Энэ асуудлыг шийдэхээр сум орон нутаг болоод аймгийн удирдлагууд чармайн ажиллаж, нөхөн сэргээлт хийж байгаа юм байна. “Цаг үе” илтгэл энэ сарын 23-ны өдрийг дуустал Өвөрхангайн нийт иргэдийн сонорт хүрэх юм.  

Б.Туул

 

Холбоотой мэдээ