Төмөрлөгийн үйлдвэрийн их засвар энэ сарын 15-нд дуусна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-11-13 19:20:25
Дархан-Уул /МОНЦАМЭ/.“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” 11 дүгээр сарын 1-нээс эхлэн өвлийн их засвараа эхлүүлсэн байна. Энэ сарын 15 гэхэд засвар дуусч ажил жигдэрнэ гэдгийг диспетчерийн инженер Н.Батсүрэн мэдэгдлээ.

Тус үйлдвэр Монгол Улсдаа хар төмөрлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хамгийн том компани юм. Тус үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал мянга гаруй хүнийг ажлын байраар хангах боломжтой. Ажилчид хаягдал төмрийг стандартын дагуу зүсч жижиглэн боловсруулж цахилгаан нуман зууханд хайлуулж 115х115мм хөндлөн огтлолтой ган бэлдэц үйлдвэрлэдэг. Стандартын шаардлага хангасан ган бэлдэцийг дахин халаах зууханд халааж цувих суурь машинаар дамжуулан цувиж барилгын төмөр бетон бүтээцийн иржгэр ган туйван, гөлгөр ган туйван, булан төмөр зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ажээ.

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК нь 1990 онд Монгол, Япон хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн Дархан-Уул аймагт байгуулагдсан билээ. 1994 онд үйлдвэр ашиглалтад орсноос хойш компаний үйл ажиллагаа өргөжсөөр Уул уурхайн олборлолт, боловсруулалт, Төмөрлөгийн үйлдвэрлэл, Гадаад болон дотоод худалдаа гэсэн үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Л.Отгонбаатар 
Холбоотой мэдээ