Сурагч охин бийрэн бичлэгийн анхны үзэсгэлэнгээ гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-11-22 15:42:59
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн 18-р сургуулийн 12в ангийн сурагч Цогтбаатарын Намуун “Бэхэн зам” нэртэй анхны уран бүтээрийн үзэсгэлэнгээ өнөөдөр нээлээ. 2012 оноос хойш монгол хэл, бичгийн багш Боловсролын тэргүүний ажилтан Баасанжаргалын Булганчимэгийн удирдан хичээллүүлдэг "Уран бийр" дугуйланд суралцаж эхэлсэнээс хойш өөрийн авьяас чадвараа хөгжүүлэн суралцсаар байна. Монгол бичгийг судлах, танин мэдэх, үе тэнгийнхэндээ үлгэр дууриал болж яваа Ц.Намуун 7 дугаар ангиасаа эхлэн бийрэн бичлэг, калиграфаар хичээллэж эхэлжээ.

”Бэхэн  зам “ үзэсгэлэнгийн тухайд Ц.Намууны анхны уран бүтээлийн үзэсгэлэн хэдий ч Дархан-Уул аймаг төдийгүй Монгол Улсад анх удаа ЕБС-ийн сурагч Монгол бичгээр дагнасан, тэр дундаа бийрэн бичлэгийн төрлөөр үзэсгэлэнгээ нээсэн анхны тохиолдол гэж түүний багш Б.Булганчимэг онцолж байна.

Үзэсгэлэнд дэлгэгдэн олны хүртээл болж буй бүтээлүүдээс онцлох бүтээлийг багш, сурагч хоёр "Монголын нууц товчоо" бүтээлийг нэрлэж байна. Хагас сар гаруйн хугацаанд бүтээсэн тус бүтээлд Монголын нууц товчоо зохиолын эхний дөрвөн бүлэг багтжээ. Бэх, муутуу ашиглан бүтээсэн уг бүтээл нь 1,5 метрийн өргөн гурван метрийн өндөртэй аж. Ц.Намууны тухайд Монголын нууц товчоог монгол бичгээр бичсэн монголын анхны сурагч гэнэ. 

Бийрийн бичлэгийн дугуйланд хамрагдсанаар өөрийгөө таних, гоо зүйн мэдрэмжтэй болох, тэсвэр тэвчээртэй болдог гэдгийг бүтээлийн эзэн Ц.Намуун онцолж байлаа. Үзэсгэлэнд 20 гаруй бүтээл дэлгэгдсэн бөгөөд энэ сарын 27-оос ирэх сарын 2-ны өдөр хүртэл аймгийн БСУГ-ын арт галерейд үргэлжлэн гарах ажээ.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ