Мьянмар улсын удирдагч Хятадад айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-27 17:42:18
МОСКВА. /ТАСС/. Мьянмарын улс төрийн удирдагч болох Төрийн зөвлөх бөгөөд гадаад хэргийн сайд Аун Сан Су Чи ойрын хугацаанд БНХАУ-д албан ёсоор айлчилна гэж Аун Сан Су Чи өөрийн фэйсбуук хуудсаар дамжуулан мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.

БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахдаа хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх асуудал хэлэлцэнэ гэж Мьянмарын удирдагч мэдэгдсэн байна.

Ракхайн мужид цэргийн хүч хэрэглэсэн арга хэмжээ явуулснаар сүүлийн саруудад 600 мянга гаруй үндэсний цөөнх рохинжа хүн Мьянмараас дүрвэхэд хүрсэн хямрал үүссэнтэй холбоотойгоор өрнөдийн олон орон Мьянмарын удирдлагад шахалт үзүүлж байгаа билээ. Тухайлбал, Мьянмарт үндэсний цөөнхийг цэвэрлэх ажиллагаа явуулж байна гэж АНУ-ын Төрийн департамент Мьянмарын Засгийн газрыг зэмлэн буруушааж байгаа юм.

Харин Хятадын эрх баригчид Мьянмарт улс төрийн дэмжлэг үзүүлж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Бээжинд албан ёсны айлчлал хийсэн Мьянмарын Үндэсний Батлан хамгаалах армийн ерөнхий командлагч Мин Аун Хлаинг БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүлээн авч уулзсан байна.
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ