Ромын пап Мьянмарт айлчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-11-28 10:29:49
ЯНГОН. /Эн-Эйч-Кэй/.  Ромын пап Фрэнсис Мьянмар улсад хүрэлцэн очоод байна. Мьянмарын үндэстний цөөнх болох лалын шашинт рохинжачуудтай холбоотой хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэхэд Ромын пап хэр нөлөө үзүүлэх нь ажиглагчдын анхаарлыг татаж байна.

“Эн-Эйч-Кэй” телевизийн мэдээлснээр, Ромын пап даваа гарагт буюу өчигдөр Мьянмарын Янгон хотод газарджээ. Түүнийг католик шашинт хэдэн зуун хүн халуун дотноор угтсан авсан гэнэ.

Үндэстний цөөнх болох рохинжачуудыг цэргийн хүчээр “цэвэрлэх ажиллагаа”-гаа зогсоо гэж олон улс Мьянмарын удирдагч Ан Сан Су Чи-д шахалт үзүүлсээр байгаа юм.

Энэ оны наймдугаар сарын сүүлчээр Мьянмарт есөн цагдааг хөнөөсөн хэрэг гарсан билээ. Энэ цагдаа нарыг рохинжа босогчид хөнөөсөн гэж Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхэн үзэж, босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулах болсон юм. Үүний улмаас 600 мянга гаруй энгийн номхон рохинжа хүн хөрш Бангладеш руу дүрвээд байна. АНУ тэргүүтэй улс орнууд болон НҮБ Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхний явуулж буй ажиллагааг “үндэстний цөөнхийн цэвэрлэгээ” гэж үзэж байгаа юм.

Папын айлчлалд Мьянмарын хүн амын багахан хувийг эзэлдэг католик шашинтнууд ихээхэн ач холбогдол өгч байна. Эх сурвалжуудын мэдээлснэээр, Мьянмарын хүн амын дийлэнх хувийг эзэлдэг буддын шашинтнууд нь шашны цөөнхүүдийг ялгаварлан гадуурхдаг байна.

Ромын пап Бангладешт мөн айлчилж, лалын шашинт рохинжачуудын төлөөлөлтэй уулзах ажээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ