"Түвшин холбоо" өрхийн ЭМТ-д дуудлагын машин хүлээлгэн өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-11-29 23:44:43
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан сумын орон нутгийн хөгжлийн сангийн /ОНХС/ хөрөнгө оруулалтаар дуудлагын авто машиныг сумын 1,2,3-р багийн өрхөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг “Түвшин холбоо” өрхийн эмнэлэгт өнөөдөр хүлээлгэн өглөө.

Тус өрхийн эмнэлэг Дархан сумын 1, 2, 3 дугаар багийн 13 мянга орчим хүнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг. Нийт хүн амынх нь 40 гаруй хувь нь хүүхэд, өндөр настан байдаг ажээ.

Өвчтөнд хүрч ажиллах дуудлаганд явах машинтай болсноор өндөр настан, хэвтрийн өвчтэй хүмүүс, нярай хүүхдүүдэд гэрээр үзлэг хийхэд дөхөмтэй болж байгаагаас гадна Ширээ нуруу, Өвсөн цех, Ухаа хошуу зэрэг алслагдсан хэсгүүдэд амьдардаг айл өрхүүдэд тусламж үйлчилгээгээ илүү түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж байгааг өрхийн эмнэлгийнхэн хэлэв.
.Дархан сумын Засаг даргын 2016-2020 үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Хүн амд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд материаллаг бааз, тоног төхөөрөмжийн дэмжлэг туслалцаа үзүүлэх" зорилтын хүрээнд дээрх автомашиныг өгчээ.

 
Л.Отгонбааатар
Холбоотой мэдээ