Солонгосын хойгийн дээгүүр Америкийн бөмбөгдөгч нисэх онгоц нисчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-12-06 15:57:46
СӨҮЛ. /Ройтерс/. АНУ болон Өмнөд Солонгос агаарын цэргийн хүчний хамтарсан цэргийн сургуулилтынхаа хүрээнд өнөөдөр Америкийн “B-1B” бөмбөгдөгч онгоцыг Солонгосын хойгийн дээгүүр нисгэсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэ бөмбөгдөгч онгоцыг хамтарсан цэргийн сургуулилтад ашиглаж, тус хойгийн дээгүүр нисгэсэн нь Вашингтон, Сөүлийн зүгээс Пхеньянд өгч буй “анхааруулга” гэж олон улсын ажиглагчид үзэж байна.

Пхеньян АНУ-ын эх газарт хүрч, цохилт өгөх хүчин чадал бүхий шинэ төрлийн тив алгасах баллистик пуужин харван туршсанаас долоо хүрэхгүй хоногийн дараа буюу энэ долоо хоногийн даваа гарагаас АНУ болон Өмнөд Солонгосын агаарын цэргийн хүчнийхэн тав хоногийн хамтарсан хээрийн сургуулилт хийж эхэлсэн юм.
 
АНУ урьд өмнө нь цөмийн болон пуужингийн туршилт хийсэнтэй нь холбогдуулан Пхеньянд “анхааруулга” болгох үүднээс тус хойгт бөмбөгдөгч нисэх онгоцуудаа байрлуулж байсан удаатай.
 
Вашингтон, Сөүл 200 гаруй байлдааны нисэх онгоц, тухайлбал “F-22”  болон “F-35” үл үзэгдэгч сөнөөгч нисэх онгоцоор сургуулилт хийж байгаа аж.

АНУ, Өмнөд Солонгосыг хамтарсан цэргийн сургуулилт хийх бүрт нь “Дайны бэлтгэл” хийж байна гэж Пхеньян буруушаадаг бөгөөд энэ удаагийн сургуулилт эхэлсний дараа буюу даваа гарагт мэдэгдэл хийхдээ “Сөүл, Вашингтон Солонгосын хойгийг цөмийн дайны ирмэгт хүргэж” байна гэжээ.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ