Дархан хот, У Хай хотын удирдлагууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-12-12 14:19:53
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага судлах үүднээс Дархан хот гадаад улсын хотуудтай хамтран ажилладаг. Үүний нэг нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны аж үйлдвэрийн бүс У Хай хот юм.

Дархан хот У Хай хотуудын найрамдалт харилцаа хамтын ажиллагааны эхлэл энэ оны нэгдүгээр сараас эхэлсэн. Аймгийн засаг дарга С.Насанбатаар ахлуулсан ажлын хэсгийн айлчлал нь хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах, цаашид салбар бүрийг шууд харилцаатай болгох зорилгоор тус хотод айлчлаад ирлээ.

Энэ удаагийн ажлын айчлалд аймгийн нийгмийн бодлого, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, соёл урлаг, спорт, их дээд сургууль, эрүүл мэндийн салбарын төлөөллүүд оролцож  У Хай хотын салбар бүрийн удирдлагуудтай уулзаж санал солилцсон юм.
Хүн ам эрүүл байснаар улс хөгжих үндсийн нэг болдог. Тэр ч утгаараа эрүүл мэндийн салбарыг түлхүү хөгжүүлэх, харилцан туршлага солилцох боловсрол, соёл, урлаг, спортын салбарыг шууд харилцаатай болгох  эхлэл тус айлчлалын үеэр  тавигдлаа.

У Хай хотын дарга Гао Шин Хун  манай аймагтай хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх, цаашид дээр дурдагдсан салбар бус өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа айлчлалын үеэр онцолсон.

Ах дүү хот болох хэлэлцээрийн ажлын хүрээнд хотуудын удирдлагууд нөхцөл байдалтай газар дээр нь танилцах ажлын айлчлалыг өмнө нь хийгээд байсан бол энэ удаагийн айлчлалаар санамж бичигт гарын үсэг зурснаар хэлэлцээрийн түвшинд яригдаж байсан ажлууд бодлогын түвшинд хэрэгжих бүрэн боломж нээгдлээ.

Цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс “Миний-Монгол” цэцэрлэгт хүрээлэнг соёл амралтын цогцолбор болгоход туслах саналыг нааштайгаар хүлээн авч дэмжихээ илэрхийлжээ. Мөн хамтын ажиллагааны санамж бичгийн эхлэлийн тодорхой ажлын нэг нь 2018 оны эхэнд цагаан сарын өмнө Залуучууд театрын бүрэн бүрэлдэхүүн тус хотод хамтарсан тоглолт хийхээр болсон юм.

Аж үйлдвэр, төмөр зам, уул уурхайг түшиглэн байгуулагдсан У Хай хот нь ӨМӨЗО-ны баруун урд зүгт байрлах бөгөөд Шар мөрний эрэг дагуу оршдог. 1976 онд байгуулагдсан тус хот 550,0 гаруй мянган хүн амтай, дотоодын үйлдвэрлэгч залуухан хот юм.
 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ