"Үндсэн тосгон”-ы хуучин байруудыг дахин төлөвлөлтөд оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-12-18 15:55:28
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах тухай” асуудлыг хэлэлцэж, үндсэн тосгон буюу Дархан сумын 4 дүгээр багийн 2-5 дугаар хуучны /брак/ байрууд, 5 дугаар багийн 42, 43, 46-49, 50, 6 дугаар багийн 56-63 дугаар брак байрууд буюу нийт 19 байрыг дахин төлөвлөлтөд оруулахаар шийдвэрлэж, тогтоол гаргаж аймгийн Засаг даргын захирамжаар 17 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Тус ажлын хэсгийнхэн оршин суугчидтай /2017.12.17/ уулзалт хийж харилцан санал солилцлоо. Эхний ээлжинд гурван байрыг дахин төлөвлөлтөд оруулахаар болсон.
Дахин төлөвлөлт хийх төлөвлөгөөний дагуу төслийн эхний шатанд хийгдсэн зөвшилцлийн загвар зургийг үндэслэн барилга байгууламжийн иж бүрэн зураг төслийг тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар хийлгэж улсын магадлалаар баталгаажуулах, батлагдсан төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу барилга угсралтын ажлыг эхлүүлж графикийн дагуу гүйцэтгэн ашиглалтанд оруулах тухай байрны оршин суугчдад мэдээлэл өглөө.
Дархан хотын анхны барилгуудын нэг болох Үндсэн тосгоны хуучны /брак/ байрууд нь 1960-1969 онуудад ашиглалтанд орсон. Эдгээр байруудыг эдэлгээ даах боломжгүй, хүн амьдрах нөхцөлгүй, аюултай орчин бүрдсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын газраас гаргасан байдаг.

Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ