М.Саакашвили: Украины эрх баригчид намайг Гүржид шилжүүлэн өгөхөөр зэхэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-12-26 11:23:00
КИЕВ. /Шиньхуа/. Украины эрх баригчид намайг Гүржид шилжүүлэн өгөхөөр зэхэж байна гэж Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвили мэдэгджээ.
 
“Шиньхуа” агентлагийн мэдээлснээр, М.Саакашвили өөрийн фэйсбүүк хуудастаа өчигдөр “Украины эрх баригчид “Түр хамгаалалтад авна уу” гэсэн миний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Тэд намайг Гүржид шилжүүлэн өгөхөөр зэхэж байна” гэж бичсэн байна.
 
Авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, төсвийн мөнгөнөөс завшсан зэрэг хэргээр эрэн сурвалжлагдаж буй М.Саакашвилийг Гүржид шилжүүлэн өгөх асуудлаар Киев болон Тбилиси яриа хэлэлцээ хийж байна гэж энэ сарын эхээр эх сурвалжууд мэдээлж байв.

Харин Украины ГХЯ саяхан мэдэгдэл хийхдээ “Гүржийн талтай бид ийм асуудлаар яриа хэлэлцээ хийгээгүй” гэжээ.
 
Өдгөө 50 настай М.Саакашвили нь 2004-2013 онд Гүржийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Тэрбээр 2015 оны тавдугаар сард Украины иргэн болж, тус улсын Одесс мужийн захирагчаар томилогдож байв.
 
М.Саакашвилийг Украины иргэн болгох тухай зарлигаа тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко  “Украины иргэн болохын тулд хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн” гэх шалтгаанаар энэ оны долдугаар сард цуцалсан юм.
 
Гүржийн Ерөнхий прокурорын газар М.Саакашвилийг шилжүүлэн өгөхийг энэ оны есдүгээр сард Киевээс хүссэн ч Украины Ерөнхий прокурор “Бид энэ асуудлын талаар бодож үзээгүй байна” гэж хэлээд, түүнийг шилжүүлэн өгөхөөс татгалзаж байв.
 
Одоо Украины “Шинэ хүчний хөдөлгөөн” намын даргаар ажиллаж буй М.Саакашвили нь “гэмт  хэргийн бүлэглэлүүдэд тусалсан, гэмт хэргийг нуун дарагдуулсан” зэрэг хэргээр Украинд мөн шалгагдаж байгаа юм.
 
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ