ГЕРМАНЫ СОЦИАЛ-ДЕМОКРАТ НАМ А.МЕРКЕЛИЙН ЭВСЭЛТЭЙ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-08 11:13:23
МОСКВА. /РИА Новости/. Германы Канцлер Ангела Меркелийн тэргүүлдэг барууны төвч үзэлт Христосын ардчилсан холбоо болон Христосын нийгмийн холбоо намуудын эвсэлтэй шинэ засгийн газар байгуулах асуудлаар хийсэн тандалт маягийн яриа хэлэлцээ “үр бүтээлтэй, нээлттэй” боллоо хэмээн Германы Социал-демократ намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ларс Клингбайль мэдэгдсэн талаар “Welt” сонин мэдээлэв.
 
Христосын ардчилсан холбоо, Христосын нийгмийн холбоо эвсэл болон Германы Социал-демократ намын шинэ засгийн газар байгуулах тухай тандалтын хэмээн нэрлэж буй яриа хэлэлцээ нь нэгдүгээр сарын 7-нд буюу өнгөрөгч ням гарагт эхэлсэн бөгөөд таван хоног үргэлжлэх аж.
 
“Европын болон Германы ирээдүйн төлөө үүрч буй хариуцлагаа бид ухамсарладаг. Бид шинэ цаг үед оршиж байна. Энэ шинэ цаг үе нь биднээс шинэ бодлогоор ажиллахыг шаардаж байна” гэж Л.Клингбайль мэдэгджээ.
 
Өнгөрсөн оны есдүгээр сарын 24-нд явуулсан парламентын сонгуульд А.Меркелийн Христосын ардчилсан холбоо болон Христосын нийгмийн холбоо эвсэл тэргүүлсэн юм. Уг эвсэл нь Германы Чөлөөт ардчилсан нам болон “Ногоон” намтай хамтран эвслийн засгийн газар байгуулахаар тохиролцоонд хүрээд байсан боловч санал зөрөлдөөнийн улмаас нэгдэхээргүй болсон билээ. 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ