Фэйсбүүк группын гишүүд хүүхдийн тасгийн орыг сольжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-01-16 18:08:32
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Файсбүүкийн “Дарханы сайхан бүсгүйчүүд” группын админ Э.Бат-Өлзийн санаачилгаар “Нэг хүн 1000 төгрөг” аяныг өрнүүлж нийгэмд тустай аян эхлүүлэх саналыг гишүүдэд  санал болгосон нь дэмжлэг авч, ажил хэрэг болжээ.

“Дарханы сайхан бүсгүйчүүд” групп 2017 оны 11 сарын 02-ны өдөр анх байгуулагдаж тухайн сарынхаа 18-ны өдрийн анхны уулзалтаараа нийгэмд тустай аян өрнүүлж байх шийдвэр гаргасан байна. Анхны санаачилгыг админ Э.Бат-Өлзий гаргаж цэцэрлэгүүдэд тоглоом болон сурах орчныг сайжруулах чиглэлээр аян өрнүүлэх санаачилга гаргасан боловч хамт олноороо ярилцаж шийдвэрлэсний эцэст ханиад томуу ихэссэн өвлийн улиралд Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэх эх, хүүхдийн тоо нэмэгддэг тул ая тухтай болгох үүднээс нийгэмд тустай эхний аянаа энэ тасагт зориулахаар болсон байна.

Аяны хүрээнд нийт 100 гаруй гишүүн, иргэн оролцож 1000-20,000 төгрөг, Мобикомын кенди шилжүүлэх үйлчилгээг ашиглан нэг сар гаруй үргэлжилж 510,000 төгрөг цуглуулж чадсан байна. Энэхүү аяныг явуулсан группын гишүүд эхний ээлжинд цуглуулсан  510.0 мянган төгрөгөөрөө дөрвөн ор, гудасны хамт авч, Хүүхдийн тасгийн хамт олонд хүлээлгэн өгч, хоёр өрөөний шалны хулдаасыг сольжээ. 
Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг нь 54 ортойгоос 18 нь жижигхэн ор байдаг ажээ. 

 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ