Газрыг зөвшөөрөлгүйгээр хагалсан бол хариуцлага хүлээлгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-09-08 12:45:47

Засгийн газар өчигдөр ээлжит хуралдаанаа Төрийн ордонд хийсэн. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Манай улсын газар тариалангийн салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа. Дотоодын хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж байгаа ч тус салбарт тулгамдсан олон асуудал байдаг. Эдгээр асуудлыг хууль, эрх зүйн хувьд боловсронгуй болгох шаардлагатай. Тулгамдаж буй асуудлыг шийдэж өгөх хүсэлтээ газар тариалан эрхлэгчдээс гадна тухайн бүс нутагт амьдарч буй иргэд, орон нутгийн засаг захиргаанаас удаа дараа тавьж байсан. Ерөнхий сайдыг сая орон нутагт  ажиллах үеэр ч энэ асуудал хөндөгдсөн.

Иймээс Тариалангийн тухай хуулийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусгаад УИХ-аар өргөн мэдүүлэхээр боллоо. Хуулинд газар тариалан гэж юу вэ гэдгээс эхлээд тариалан эрхлэгчдийн эрх үүрэг, зарчмыг нарийвчлан тусгасан. Юуны өмнө эхлээд газар тариалан эрхлэгчдийн хүлээх үүргийг тусгаж өглөө. Тухайлбал, газрыг атаршуулсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар хагалсан бол нөхөн сэргээлт хийх, төлбөр төлөх хариуцлага хүлээлгэх болно. Мөн тарьж болох, болохгүй ургамлын нэрийг зааж тусгалаа. 

Түүнчлэн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хоёрыг зохистой хөгжүүлэх үүднээс чөлөөт бүс байгуулах, бүс нутгийг тогтоох зэрэг заалтыг оруулж өгсөн. Хуулийн төсөл баталсан тохиолдолд Монгол Улсын хүн амыг эрүүл хүнсээр хангах, аж ахуйгаа найдвартай эрхлэх зэрэг давуу боломж бүрдэнэ" гэв.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд