Дорнод аймаг өрсөлдөх чадвар дөрвөн байраар ахижээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-01-17 18:22:06
Дорнод /МОНЦАМЭ/ Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 6 дахь жилдээ Монгол Улсын 21 аймгийн хөгжлийн өнөөгийн түвшинг харьцуулан үнэлж, өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлон судалжээ. Энэ үзүүлэлтээрээ Дорнод аймаг улсад дөрөвдүгээрт рэмбэлэгдэв. 
Өнгөрсөн онд тус аймаг өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ наймдугаарт жагсаж байсан юм. 
Энэ жилийн судалгаанаас харахад, өрсөлдөх чадвараар Дорнод 6 оноо, Өвөрхангай, Говьсүмбэр аймаг тус бүр 1 оноогоор ахисан бол Сүхбаатар 15, Ховд 13, Өмнөговь 10 оноогоор буурчээ. 
Дорнод аймгийн өрсөлдөх чадварын оноо нэмэгдэхэд эдийн засгийн өсөлт, зээл авах боломж, чанаргүй зээлийн тоо буурсан, банкны салбарын актив өссөн зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн гэдгийг судалгаанд тодотгосон байна. 
Дээрх судалгаагаар аймаг бүрийн хөгжлийн давуу болон сул талыг тодорхойлж, өрсөлдөх чадварын боломж, чадавхийг үнэлэн,  тогтвортой урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулахад ашиглахуйц өргөн хүрээний мэдээллийн санг бүрдүүлдэг юм.
Д.Дэлгэрмаа
 
Холбоотой мэдээ