АХБ-ны дэмжлэгээр Сүхбаатарт шинэ цэвэрлэх байгууламж барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-01-17 19:29:59
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын бохир ус цэвэрлэх байгууламжийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр бүрэн шинэчлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор Азийн хөгжлийн банкны Төслийн баримт бичиг боловсруулах багийн ахлагч Жим Артураар ахлуулсан ажлын хэсэг Баруун-Урт суманд ажиллалаа. Тэд бохир ус цэвэрлэх байгууламжийн одоогийн нөхцөл байдалтай танилцаж, үнэлгээ дүгнэлт өгөхөөр иржээ.
Орон сууц болон төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох айл өрх, аж ахуйн нэгжийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа учир 720 метр куб ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж хүчин чадлаа дийлэхгүйд хүрээд байгаа юм.
“Бид орон нутагт биечлэн ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байгаадаа их баяртай байна. Аймгийн төвийн хүн амын төвлөрөл, орон сууцны хэрэглээ жилээс жилд өсөж байгаа, одоогийн цэвэрлэх байгууламж чанарын шаардлага хангахгүй, хүчин чадал нь хүрэхээ больсноос цэвэрлэх байгууламж шинээр барих шаардлагатай бодоо байгаа. Тэгэхээр одоо барих шинэ байгууламж нь орчин үеийн шаардлага хангасан, байгаль орчиндоо ээлтэй, хүн амын амьжиргааны нөхцлийг сайжруулах шаардлагыг хангасан технологийг нэвтрүүлэх ёстой. Тиймээс энэхүү бохир ус цэвэрлэх байгууламжийг барихад Азийн хөгжлийн банк дэмжлэг үзүүлж, зээлд хамруулах гэж байна. Шинэ цэвэрлэх байгууламжийн технологи маш боловсронгүй, орчин үеийнх юм. Наад захын жишээ гэхэд цэвэрлэгээнээс гарч буй усыг мод зүлэг зэргийг услах усалгааны зориулалтаар ашиглах бүрэн боломжтой” хэмээн төслийн багийн ахлагч Жим Артур хэллээ.
Аймгийн төвөөс зүүн урагш 2,5 километрт байрлах бохир ус цэвэрлэх байгууламж нь 1971 онд ашиглалтад орсон. Үүнээс хойш хоёр удаа урсгал засварт оржээ.  
Бохир ус цэвэрлэх байгууламжийг шинээр барих хэрэгцээ шаардлагын талаар Дөрвөлж ОНӨҮГ-ын Ус суваг ашиглалт, засварын инженер Б.Буджав хэлэхдээ “Одоогийн цэвэрлэх байгууламжийн ихэнх хэсэг эвдэрч хэмхэрсэн, хүчин чадлаа дийлэхгүй болсон. Нөгөө талаар бохир усыг цэвэрлэхгүйгээр шууд хөрсөнд шингээж байгаа. Энэ нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Дараагийн шаардлага бол Баруун-Урт сумыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд одоогийн байгууламжийн хэсгийн газар дахин төлөвлөлтөнд орсон. Тиймээс шинэ байгууламжийг одоо байгаагаас зүүн урагш нэг километрийн зайд шилжүүлэх хэрэгтэй байгаа юм” гэсэн юм.

Түүнчлэн аймгийн төвийн цэвэр бохир, дулааны шугам элэгдэж муудсан. Хамгийн дээд тал нь 48 жилийн насжилттай шугам сүлжээ бий. Эдгээрийг мөн шат дараатайгаар солих шаардлагатай байгаа бөгөөд эхний ээлжинд энэ ондоо цэвэр усны 5,5км, бохир усны 2,5 км шугамыг шинэчлэхээр улсын төсөвт тусгуулжээ.
Т.Одончимэг
 
Холбоотой мэдээ