Өмнөговь сумынхан тэмээний баяр хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-01-19 17:38:06
Увс /МОНЦАМЭ/. Өмнөговь сумын Улиаст багийн ард иргэд эртний өв уламжлалаа сэргээж авч үлдэх зорилгоор өчигдөр Тэмээний баяр хийсэн байна. Энэ үеэр болсон атан тэмээний уралдаанд Б.Болдын хүрэн ат түрүүлсэн бол торомны уралдаанд Б.Өлзийбуянгийн хар тором тод магнай торгон жолоогоо өргүүлжээ. Тэмээний баярын үеэр тэмээнд ачаа ачих, дээс томнох, буйл засах зэрэг сонирхолтой тэмцээнүүд явагдаж, шилдэгүүдээ шалгаруулан шагнаж урамшуулсан байна.
Монгол Улсаас Их Британийн Лондон хот хүртэлх 12 мянган км газрыг тэмээгээр туулах их аянд мордсон Н.Байгалмаа нь Увс аймгийн Өмнөговь сумынх бөгөөд Тэмээний баярт оролцогсод нутгийнхаа охиноор бахархаж байгаагаа энэ үеэр онцлон ярьж байв.
Увс аймаг энэ жил 23521 тэмээ тоолуулсан бөгөөд хамгийн олон тэмээтэй сумаар Завхан сум дахиад л тодорсон юм. Харин тус сумтай хөрш зэргэлдээ Өмнөговь сумын хувьд 1366 тэмээ тоолуулж тэмээнийхээ тоогоор аймагтаа айргийн тавд жагсаад байна.
Б.Батхүү

 
Холбоотой мэдээ