Сонгуулийн дөрвөн хуульд ямар өөрчлөлт орж байна вэ?

ТОЙМ
dogsom@montsame.mn
2015-11-20 15:51:06

УИХ-аар хэлцэж дэмжигдээд буй Сонгуультай холбоотой дөрвөн хуулийн төсөлд ямар агуулгатай, ямар өөрчлөлт тусгасан байгаа талаар тоймлон хүргэж байна.  

1. “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” – Х.Тэмүүжин

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 5 гишүүнээс энэ сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төрийн албан хаагчийн сонгуульд нэр дэвших зохицуулалтын талаар тусгасан байгаа юм. 
Одоо мөрдөж буй УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэж заасан байдаг. Гэвч уг зохицуулалтад төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдыг адилтган нэгэн адил шаардлага, шалгуурыг тавьж улмаар төрийн үйлчилгээний албаны гүйцэтгэх, туслах албан тушаал эрхэлж буй албан хаагчийн хувьд хувийн хэвшлийн ажилтантай харьцуулахад тэгш бус нөхцөл, хязгаарыг тогтоосон гэж хууль санаачлагчид нь үзжээ. Иймээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн “Улс төрийн албан хаагчаас бусад” гэснийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан,” гэж өөрчлөхөөр уг хуулийн төсөлд тусгажээ.

2.    “Сонгуулийн хуулийн төсөл”-Р.Бурмаа 

Энэ хуулийн онцлог нь Ерөнхийлөгч, УИХ, аймаг, нийслэлийн Хурал, сум, дүүргийн Хурлын сонгуулийг нэгтгэн, нэгэн цогц болгон шинээр боловсруулсан хууль юм. Улс төр, эдийн засаг, нийгмийн амьдрал хурдацтай хөгжиж, үүнээс үүдэн гарсан нөхцөл байдал, хууль тогтоомжийн чанар, уялдаа холбоог сайжруулах шаардлага зэргийг харгалзан сонгуулийн үндсэн зарчим, журмыг улам тодорхой болгох зорилгоор сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг бүхэлд нь эргэн харж улам боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэн Сонгуулийн шинэ хуулийн төсөл болосвруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг 2013 оны хоёрдугаар сарын 8-нд УИХ-ын гишүүн Р.Бурмаагаар ахлуулан 19 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.
Уг төсөл нь Хоёр хэсэгтэй бөгөөд хэсэг тус бүр бүлэг, дэд бүлэгтэй, нийт 19 бүлэг, 167 зүйлтэй юм байна. 
Сонгуулийн тогтолцоог уг хуулийн төсөлд хувь тэнцүүлсэн /пропорцианаль/, олонхийн /мажоритар/ тогтолцоотой байж болно гэж заажээ. Мөн хувь тэнцүүлсэн болон олонхийн сонгуулийг дангаар, эсвэл хосолсон байдлаар явуулж болох бөгөөд хосолсон сонгууль нь зэрэгцээ /паралель/, холимог тогтолцоогоор явуулж болно гэжээ. 
Мөн уг хуулийн төсөлд сонгуулийн сурталчилгааг 14 хоногийн өмнөөс эхэлнэ гэж заасан бөгөөд сурталчилгаанд сонин ашиглахгүйгээр тусгасан нь гишүүдийн шүүмжлэлд өртөөд байна. 

3. “Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” – Су.Батболд 

УИХ-ын Су.Батболд нарын 6 гишүүнээс өргөн барьсан уг хуулийн төсөлд 27 зүйл, 60 хэсэг, 13 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Ингэхдээ хүчин төгөлдөр мөрдөж буй Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн ерөнхий бүтцийг хэвээр хадгалах зарчим баримталсан аж. Хуулийн төсөлд УИХ-ын сонгуулийн 48 тойргийг аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзан байгуулахаар тусгасан. Мөн сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаар бүрдүүлж байсныг өөрчилж тухайн тойрогт нэр дэвшигчээ дэвшүүлсэн улс төрийн нам, эвслийн төлөөллийг тэгш оролцуулан томилохоор тусгасан. Мөн бүлэгт сонгуулийн хорооны гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон хуралдаанаас гаргасан тогтоолд тухайн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргын аль нэг нь гарын үсэг зураагүй нь уг тогтоолыг хүчингүй, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй гэх зохицуулалтыг тусгасжээ.
Түүнчлэн гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдийн санал өгөх боломжийг нэмэгдүүлж цахим хэлбэрээр бүртгүүлэх, саналаа өгөх зэрэг зохицуулалтыг тусгасан байна. 
Тогтолцооны хувьд 48:28 гэсэн харьцаатай байхаар заасан. Тодруулбал нам, эвсэл УИХ-ын сонгуульд 48-аас илүүгүй хүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан тойрогт нэр дэвшүүлж тойргийн дугаараар эрэмбэлж, нэр дэвшүүлнэ гэжээ. 
Мөн санал тоолох автомат төхөөрөмжөөс гарсан дүнг гар аргаар давхар тоолж баталгаажуулах бөгөөд саналын хуудсыг гар аргаар тоолж байгаа процессыг илүү хяналт, ажиглалт дор явуулах, техник хэрэгслэл ашиглан дэлгэцээр шууд ажиглагч, хэвлэл, мэдээллийн ажилтнуудад ил тод нээлттэй харуулах зохицуулалтыг тус тус оруулжээ. 
Мөн төсөлд сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн төрийн албан хаагчийг төрийн албанд эргэн орох эрхгүйгээр халах хариуцлагыг холбогдох зүйл, заалтад шинээр оруулсан байна.

4. “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” - О.Баасанхүү 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын 8 гишүүний энэ сарын 13-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд сонгуулийн тогтолцоог 38:38 харьцаатай байхаар тусгажээ. Өөрөөр хэлбэл УИХ-д нэр дэвшигч 38 хүнийг 26 тойргоос, үлдэх 38 мандатыг нам, эвслээс  нэр дэвшигчдийн авсан саналын тоог үндэслэн  нам, эвслээс гаргасан  жагсаалтад эрэмбэлж хуульчлах аж. 
Түүнчлэн сонгуулийн саналын хяналтын тооллогыг сонгуулийн бүх хэсэгт  гараар хийх бөгөөд  гар  аргаар тоолсон тооллогын дүн эцсийн байхаар тусгасан байна. 
Үүнээс гадна сонгуулийг санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө зарлах, сонгуулийн сурталчилгаа 43 хоног байх, мөн тойргийн  болон салбар, хэсгийн  хороодын бүрэлдэхүүний 75 хувь нь УИХ-д суудалтай намуудын төлөөлөл, 25 хувь нь төрийн албан хаагч байхаар томилон ажиллуулах, автомат машины программ хангамжийн  хянан баталгаажуулалтыг  хараат бус хөндлөнгийн байгууллагаар хийлгэх, Монгол Улсын  Их Хурлын сонгуулийн хууль тогтоомжоор тогтоосон зарчим нь аймаг, нийслэл, сум, дүүргийн  ИТХ-ын сонгуульд  нэгэн адил  үйлчлэх гэх мэт заалт оруулжээ. 

Н.Гантуяа

Холбоотой мэдээ