Махны үйлдвэр, орон сууц барихад дэмжлэг үзүүлэхийг хүсэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-01-26 18:21:10
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Сүхбаатар аймагт хийж буй ажлын айлчлал их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, аймаг орон нутгийн удирдлагууд, төрийн байгууллагын удирдах ажилтнуудтай уулзалт хийснээр эхэллээ. Сонгуулиас хойш орон нутагт ажиллаагүй, тиймээс энэ удаад ард иргэдийнхээ санал сэтгэгдлийг сонсохоос гадна орон нутагт тулгамдаж буй ганц ч гэсэн асуудлыг шийдвэрлэх нь энэ удаагийн ажлын гол зорилго гэдгийг ерөнхийлөгч Х.Баттулга онцлов.

Аймаг, орон нутгийн зүгээс ерөнхийлөгчид гурван хүсэлтийг тавьсан. Нэгдүгээрт Сүхбаатар хөгжил ҮТП-ыг түшиглэн байгуулахаар зорьж буй махны үйлдвэр байгуулах ажилд дэмжлэг үзүүлэх, хоёрдугаарт түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд хийгдэхээр төлөвлөгдсөн 1500 айлын орон сууцны ажлыг эрчимжүүлэхийн тулд найдвартай хөрөнгө оруулагчтай холбож өгөх, гуравдугаарт 2014 онд эхэлсэн ч өнөөг хүртэл дуусаагүй байгаа уламжлалтын эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулж түүнд шаардагдах тоног төхөөрөмж, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах ажилд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Харин ерөнхийлөгч Х.Баттулга дээрх асуудлуудтай танилцаад тооцоо судалгаа хангалтгүй, тавьж буй хүсэлт тодорхой бус, нэг үгээр хэлбэл хариуцлагагүй байгааг шүүмжиллээ. Тухайлбал, 1500 айлын орон сууцыг барьж гүйцэтгэхэд хичнээн төгрөг шаардлагатай, барьсан тохиолдолд хичнээн хүн ямар байдлаар орон сууцыг худалдан авах нөхцөл боломж байна, иргэдийн хувьд түрээслэх үү эсвэл худалдан авах сонирхолтой байна уу гэдгийг нарийн тогтоох хэрэгтэй гэв. Тавьж буй хүсэлт тодорхой бус учир шийдвэрлэх гарцыг хайх, цаашлаад шийдвэрлэхэд хүндрэлтэй гэлээ. 

Мөн ерөнхийлөгчийн хөндсөн нэг асуудал бол төмөр замын ажил байсан. Баруун-Уртаар дамжин өнгөрөх төмөр зам бол тус аймгийн хөгжил болон эдийн засагт асар өндөр ач холбогдолтой. Гэтэл аймгийн удирдлагууд танилцуулга болоод цаашдын зорилт, тавьж буй хүсэлтдээ энэ талаар огт дурьдсангүй. Яг өнөөдрөөс эхлээд энэ төмөр замын асуудлыг ажил хэрэг болгож, нэн тэргүүнд анхааралдаа авч ажиллах хэрэгтэйг тэрээр  хэлсэн юм.

Ерөнхийлөгчийн ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ч.Улаан, ерөнхийлөгчийн Орон нутгийн хөгжил хариуцсан зөвлөх Ж.Батсуурь, зөвлөх Д.Үүрийнтуяа, Д.Пүрэвдаваа нар багтжээ.
Т.Одончимэг
 
Холбоотой мэдээ