Сум дүүрэгт нам байгуулахыг хязгаарлах хэрэгтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-01-29 16:55:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Орон даяар улстөржилт хавтгайрч ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байна хэмээн үзэж байгаагаа илэрхийлж “Намгүй сум-дүүрэг” хөдөлгөөнөөс өнөөдөр "Монгол нюьс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийв.

Тус хөдөлгөөний тэргүүн Н.Батболд энэ үеэр хэлэхдээ, “Улстөржсөн талцал сум, дүүрэг, баг хороо, байгууллага, өрх гэрт орж ирлээ. Сумын иргэдийг намын харьяалалтай болгосноор иргэд хоорондоо талцаж, ялагдсан намуудын боловсон хүчин ажилгүй болж, төв суурин руу нүүдэллэх боллоо. Төв суурин газрынхан болон залуучууд нь гадаад улс орон руу дүрвэцгээж байна. 

Улстөрийн үзэл бодол төлөвшөөгүй ЕБС-ийн сурагчдыг хүртэл намуудад хувааснаар цөөн хүн амтай орон нутагт сонгуулийн эрх чөлөө хумигдаж, итгэл үнэмшлээрээ бус намын гишүүнчлэлээр сонгуульд санал өгдөг боллоо. Иймд “Намгүй сум-дүүрэг” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж Улстөрийн намын тухай болон Сонгуулийн тухай хуулинд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын сонгуульд намууд оролцдоггүй байх, сум дүүрэгт нам байгуулахыг хязгаарлах хэрэгтэй. Уг хязгаарлалтыг тогтоож өгснөөр төрийн албаар дамжин намууд санхүүжилт босгох шаардлага хумигдах, төрийн албан хаагчдын ажлын байр баталгаажих, орон нутгийн хөгжлийн бодлого тогтворжих, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад тухайн орон нутгийн шилдэг хүмүүс өөрсдөө нэрээ дэвшүүлж сонгогдох зэрэг олон давуу талууд бий болно" гэв.

Статистик мэдээнээс үзвэл, өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүхэд 28 нам бүртгэлтэй байдаг. Харин сонгуулийн насны 2 сая гаруй иргэний нэг сая нь ямар нэг намд харьяалагдах буюу улстөрийн үйл ажиллагаанд оролцдог гэсэн судалгаа байдаг аж.
Д.Сарантуяа
Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ