Захиргааны хэргийн шүүхээс БСШУСЯ-ны сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаж Төрийн албаны зөвлөл нь БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг хууль зөрчиж зарласан хэмээн үзэж сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлэв.
БСШУСЯ хэд хэдэн Төрийн нарийн бичгийн даргаа сольж, тухай бүр Захиргааны хэргийн шүүхэд заргалдсаар ирсэн байна. 2016 оны сонгуулийн дүнгээр Засгийн газар байгуулагдахад БСШУСЯ-ны ТНБД-аар Б.Баярсайханыг томилсон ч өмнөх Засгийн газар огцрохын өмнө чөлөөлж, оронд нь Ж.Болормааг томилсон. Б.Баярсайхан шүүхэд хандаж Захиргааны хэргийн шүүхээс “Хууль бусаар чөлөөлсөн" хэмээн үзэж Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгож, ажилд нь буцаах шийдвэрийг гаргасан байна. Энэ хооронд Ж.Болормааг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллуулж байгаад У.Хүрэлсүхийн засгийн газар байгуулагдахад ажлаас нь чөлөөлжээ. Гэвч дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Б.Баярсайханыг буцаан томилолгүй, харин ч БСШУСЯ-ны удирдлагын захиалгаар Төрийн албаны зөвлөлөөс Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан байна. Уг шийдвэрийг энэ сарын 19-нд хуралдсан Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалтыг хууль зөрчиж зарласан байна гэж үзэн дээрх сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлжээ.
Ж.Батсайхан