Улаанбаатар их сургуулийг өөрчлөн байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-08 14:04:44

Төрийн өмчит Улаанбаатар их сургуулийн сургалтын үйл ажиллагааг 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн бие даалган ажиллуулж, одоогийн орон тоонд багтаан өөрчлөн зохион байгуулах арга хэмжээ авч, сургалт эрхлэх зөвшөөрөл олгохыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт даалгалаа.

Монгол Улсын их сургуулийн балансаас Улаанбаатар их сургуулийн барилга, эд хөрөнгө, холбогдох техник, тоног төхөөрөмжийг тухайн сургуулийн балансад шилжүүлэхийг Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржид үүрэг болголоо.

Дээд боловсролын салбарт бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийх зорилгоор Засгийн газрын 2010 оны “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын зарим байгууллагыг өөрчлөн байгуулах тухай” 15 дугаар тогтоол батлагдаж, энэ өөрчлөлтөөр бие даан үйл ажиллагаа явуулж байсан Улаанбаатар их сургуулийг Монгол Улсын их сургуульд нэгтгэхээр шийдвэрлэсэн байна. Гэвч Улаанбаатар их сургуулийн цөөн чанартай судлаач бэлтгэдэг, суурь судалгааны чиглэлээр сургалт эрхэлдэг онцлог нь алдагдах, гадаад харилцааны хэрэгжилт саарах, эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэл гэсэн сургалтын гол бодлого нь МУИС-ийн бодлоготой зөрчилдөх зэрэг сөрөг үйдлүүд гарчээ. Иймээс БСШУЯ энэ асуудлыг судлаад, тус сургуулийг эргэн бие даан ажиллуулах нь зүйтэй гэж үзжээ.

Захианд гарын үсэг зурах зөвшөөрөл олголоо

“Оюу толгой” ХХК-ийн Өмнөговь аймагт хэрэгжүүлсэн алт, зэсний уурхайн бүтээн байгуулалт, үйл ажиллагааны төсөлд Дэлхийн банкны Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагаар Стандарт чартеред банкаар ахлуулсан зээлдэгчдийн бүлэг санхүүгийн бус баталгаа гаргуулахад татгалзах зүйлгүй тул баталгаажуулах захианд гарын үсэг зурахыг зөвшөөрлөө. Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагад хүргүүлэх “Баталгаа гаргуулахад татгалзах зүйлгүй” тухай захианд гарын үсэг зурах зөвшөөрлийг Сангийн дэд сайд С.Пүрэвт олголоо.

Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй байгууллага нь хөрөнгө оруулалтаа эрсдэлээс хамгаалах зорилгоор даатгалын баталгаа гаргуулж Олон талын хөрнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагатай гэрээ байгуулах юм. Албан захиа нь санхүүгийн бус баталгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын зүгээс ямарваа эрх зүйн болон санхүүгийн хариуцлага хүлээхгүй.

ТОВЧ МЭДЭЭ:

-  Гаалийн Ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас Б.Цэнгэлийг чөлөөлж, О.Ганбатыг эргүүлэн томиллоо.

- “Эрчим хүчний хөгжил, стратегийн болон нормативын баримт бичиг боловсруулах, эрчим хүчний нөөцийн үндэсний балансыг тооцоолохтой холбогдсон зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа.

- Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийг ойг тэмдэглэх хүрээнд Үндсэн хуулийн түүхэн эмхтгэл, иргэдэд зориулсан Үндсэн хууль, хүүхдэд зориулсан комикс ном хэвлүүлэхэд шаардагдах хөрөнгийг Загсийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд