Глобал Таймс: Монгол Улс Өмнөд Солонгостой худалдааны харилцаагаа бэхжүүлэхийг зорьж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
БНХАУ-ын Өвөр Монголын ӨЗО-ны Нийгмийн шинжлэх ухааны академийн Орос ба Монгол судлалын хүрээлэнгийн судлаач Ли Чао “Монгол Улс Өмнөд Солонгостой худалдааны харилцаагаа бэхжүүлэхийг зорьж байна” гэсэн гарчигтай нийтлэлээ энэ сарын 30-нд буюу өчигдөр Хятадын “Глобал Таймс” өдөр тутмын сонинд нийтлүүлжээ. Энэхүү нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
БЭЭЖИН. /Глобал Таймс/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 15-17-нд Өмнөд Солонгост гурван өдрийн албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үеэр У.Хүрэлсүх Монгол-Өмнөд Солонгосын бизнесийн форумд оролцож, хоёр талын харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар Өмнөд Солонгосын удирдагчидтай санаа бодлоо солилцсон юм. Тус хоёр улсын аль аль нь худалдаа, эдийн засгийн салбарт хоёр талын харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэхийг эрмэлзэж буй нь энэ айлчлалын үеэр харагдсан.
Монгол бол худалдаа, эдийн засгийн хувьд Орос болон Хятад гэсэн мөнхийн хоёр хөршөөсөө ихэд хамааралтай улс. Тиймээс тус улс бусад улстай, тухайлбал Өмнөд Солонгос болон Японтой хийж буй худалдаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаа юм. Өмнөд Солонгостой байгуулах эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт ихээхэн найдлага тавьж буйгаа Сөүл хотноо болсон бизнес форумын үеэр У.Хүрэлсүх илэрхийлээд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь Өмнөд Солонгосын хувьд Төв Ази болон Европ руу нэвтрэх үүд хаалга болох бол Монголд Ази-Номхон далайн бүс нутагт нэвтрэхэд нь тусална” гэж байв.
Монгол Улс анхны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээ 2015 онд Японтой байнгуулсан. 2016 оноос хэрэгжиж эхэлсэн энэхүү хэлэлцээрийн хүрээнд тус хоёр улс дийлэнх бараа бүтээгдэхүүний гаалийн тарифыг бууруулахыг нь бууруулж, тэглэхийг нь тэглэсэн билээ. У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс үзвэл, Монголын хувьд эдийн засгийн түншлэлийн хоёр дахь хэлэлцээрээ байгуулах улс нь Өмнөд Солонгос байх магадлал өндөр байна.
Өмнөд Солонгост монголчууд ажиллах боломжийг нэмэгдүүлэх арга замуудыг олох нь У.Хүрэлсүхийн тус улсад хийсэн айлчлалын үеэр хөндөгдсөн гол сэдвүүдийн нэг байв. Монголчууд Өмнөд Солонгосыг “ажиллаж, сурахад хамгийн таатай орнуудын нэг төдийгүй Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнууд болоод Хойд Америкийн орнууд руу гарахад туслах дамжин өнгөрөх цэг” гэж үздэг. Тиймээс Монголын Засгийн газар тэнд ажиллаж амьдарч буй иргэддээ туслахад ихээхэн анхаарлаа хандуулсаар ирсэн юм.
Хоёр улсын иргэдийг алсдаа харилцан визгүй зорчуулдаг болгохын тулд илүү их хүчин чармайлт гаргахаар У.Хүрэлсүх, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар айлчлалын үеэр тохиролцсон. Мөн хоёр улс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлаар хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм. Түүнчлэн Өмнөд Солонгост ажиллаж буй монголчуудын квотыг нэмэгдүүлж, ажил олгогчид бөгөөд ажил хайж буй монголчуудыг холбох мэдээллийн санг бий болгохоор төлөвлөж буйгаа У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр Өмнөд Солонгосын Хөдөлмөрийн сайд Ким Ён Жү илэрхийлсэн.
Өмнөд Солонгост ажиллаж, сурч буй монголчуудын эрхийг хамгаална гэдэг нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрэхийн илрэл юм.
Монголын Засгийн газар гадаад улс орнуудтай, олон улсын санхүүгийн байгууллагуудтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хөрөнгө оруулалт татахыг чухалчилж ирсэн. Гадаад улс орнуудын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн ачаар Монголын эдийн засаг одоо сэргэх шатандаа явж байна. У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр шийдвэрлэгдсэн асуудлуудын нэг нь Өмнөд Солонгосоос хөнгөлөлттэй зээл авахаар болсон явдал юм. Тодруулбал, Монгол Улс нь Өмнөд Солонгосоос жилийн 0.2 хувийн хүүтэй, 30 жилийн хугацаанд эргэн төлөх, эхний 10 жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх болзол бүхий 700 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар болсон юм. Монголын Засгийн газар энэ мөнгөний 500 саяыг нь агаарын бохирдлыг бууруулахад зарцуулахаар төлөвлөж байгаа аж.
Монгол болон Өмнөд Солонгос энэ эрчээрээ хоёр талын эдийн засаг болоод худалдааны хамтын ажиллагаагаа бэхжүүлэх арга хэмжээнүүдийг авах төлөвтэй байна. Уул уурхайн салбарыг хамгийн эрчимтэй хөгжүүлж буй улс орнуудын нэг болох Монголыг “худалдааны харилцаагаа бэхжүүлэхэд хамгийн тохиромжтой улсуудын нэг” гэж Өмнөд Солонгосын тал үзэж байна. Газар тариалан эрхлэх газар хязгаарлагдмал Өмнөд Солонгосын анхаарлыг Монголын газар тариалан болоод мал аж ахуйн салбар ч татаж байна.
Стратегийн хувьд Монгол Улс Өмнөд Солонгосын хүнс, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад эерэг үүрэг гүйцэтгэж чадна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мү Жэ Ин хоёр талын иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэж өргөжүүлэх саналыг Монголын талд тавьсан нь ийм учиртай.
Гэхдээ экспортыг төрөлжүүлэх, харьцангуй багаар хэмжигдэж буй хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг олон сорилт хоёр орны өмнө тулгарч байна. Эдгээр сорилтыг даван туулахад хоёр улсын аль аль нь ихээхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй.
http://www.globaltimes.cn/content/1087321.shtml
Г.Доржханд