"Гэр хорооллыг хөгжүүлэх хөдөлгөөн"-ий 100 гаруй иргэн жагсав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-02-07 14:53:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Гэр хорооллыг хөгжүүлэх хөдөлгөөний гэх 100 гаруй иргэд өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсав. Гэр хорооллыг хөгжүүлэх хөдөлгөөний зохицуулагч Я.Мөнгөнцэцэг энэ үеэр "Өөрсдийн дуу хоолойгоо удирдах түвшний хүмүүст хүргэхийг зорьж жагсааж байна" гэв. Тэрбээр “11 дүгээр сард энэ талбайд гурвуулаа жагсаж өөрсдийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдээлэл өгч байлаа. Бидний үйл ажиллагааг дэмжиж өнөөдрийн жагсаалд 100 гаруй хүн ирлээ. Гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлж, хашааныхаа газрыг банкны барьцаанд тавьж эдийн засгийн эргэлтэд оруулбал иргэдийн амьдрал тодорхой хэмжээгээр сайжирна. Гэтэл төр засгийн удирдлагууд утаатай тэмцэх нэрээр шүүлтүүртэй маск, утаагүй зуух, агаар цэвэршүүлэгч тараах төдийхөн байгаа нь үр дүнгээ өгөхгүй байна. Гэр хорооллын иргэд харанхуй, мэдээлэл муутай байх нь сонгуулийн үеэр эрх баригчдад ашигтай байдаг. Сонгуулийн үеэр иргэдийг тав, арван мянган төгрөг, атга гурил будаагаар хууран сайхан зүйл амлаж  байгаад их хуралд сонгогддог. Бид олуулаа төр засгийн удирдлагуудад шаардах бичиг хүргүүлнэ” гэж ярив.
 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ