Төрийн түүхийн музейд Чингис, Өгөдэй, Хубилай хааны хөргийг залав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/.Төрийн ордонд байрлах Төрийн түүхийн музейд өнөөдөр "Хаадын сан" ТББ-аас Их эзэн Чингис, түүний залгамжлагч Өгөдэй, Хубилай хааны хөргийг залах ёслол боллоо.
Ёслолын ажиллагаанд МУСГЗ, "Хаадын сан"-ын санаачлагч Дугарсүрэнгийн хүү, зохиолч, орчуулагч, түүх судлаач Д.Гүн-Үйлс, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, Шашны бодлогын зөвлөх, МУСГЗ Ц.Хулан, Академич, Шинжлэх ухааны гавьяат ажилтан С.Нарангэрэл, Төрийн шагналт, Эм зүйн ухааны доктор Л.Хүрэлбаатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд, Гавьяат эдийн засагч А.Шагдарсүрэн, МУСГЗ, доктор Д.Цэдэв, МУСГЗ, түүхч, зураач Т.Мандир гэх мэт Монголын шинжлэх ухаан, түүх, урлаг соёлын зүтгэлтнүүд оролцон үг хэлж, Их хаадын хөрөгт хүндэтгэл үзүүлэв.
Чингис, Өгөдэй, Хубилай хааны хөргийг зураач Далантай урлан амилуулжээ. Энэ хаадын хөргийг дагалдуулан "Хаадын сан"-гаас гаргасан хаадын ботиуд, "Монголын нууц товчоо"-ны олон хувилбарт уран бичлэг, ил захидлууд, хаадын зураг бүхий цомог гээд нэгэн танхимыг эзэлсэн үзэсгэлэнг бий болов. Ийнхүү Их хаадын хөрөг зураг, ном судар, судалгааны бүтээл ганц сангийн бус төрийн сан хөмрөгт нэмэгдэж төрийн музейн үзэгч олны хүртээл болж эхэллээ.
Хаад хаадын дотроос хамгийн их гавьяа байгуулсан нь яах аргагүй Чингис, Өгөдэй, Хубилай буюу. Төрийн ордны өмнөх цогцолборын шилэн дээвэр дор энэ гурван хаан залардаг бол Төрийн ордны доторхи музейд энэ гурван хааны хөрөг хүндэтгэлтэй залагдлаа.
Их хаадын омог суу, онго шүтээн, оюун билгийн өв цагийн цагт бадран цацран байх болтугай! гэж хүндэтгэлийн ёслолд оролцогсод хэд хэдэнтээ хурайлан аравнайллаа. Академич С.Нарангэрэл "Монгол төрийн ёс зүйг өндөрт өргөсөн энэ хаадынхаа үүх түүхийг өнөөдөр сэргээн ёсчлох цаг болсон шүү. Бага хаадын үед эв эеэ умартан хаан суудлын төлөө шуналтан дайралцаж, төрт ёсоо сулруулсны гайгаар манжийн дарлалд 200 гаруй жил дарлагдан явсаар тусгаар тогтнолоо олж авсан. Гэвч оросын большевикуудын гарт 70 гаруй жил явсаар америк ардчиллыг дуурайн 20 гаруй жил толгой эргүүлсээр доройтоход хүрлээ. Энэ цагт хаадынхаа төрт ёс, түүхийн үнэнээ сэргээхэд "Хаадын сан"-гаас явуулж буй үйл ажлууд их нөлөө тус болно" гэлээ. НҮБ-аас болон Америк, Английн эрдэмтэд Чингис хааныг судлан түүний дэлхийн бодлогод оруулсан түүхэн үүргийг үнэлж дэлхийд "Мянганы суут хүн"-ээр тодруулсан нь саяхан. Мөн саяхан НҮБ-ын болон олон улсын эрдэмтэн судлаачид Монгол Улсын 3 сая гаруй хүний 2 сая нь хүүхэд байна. Тиймээс хүүхэд залуусын орон гэж нэрлэхэд болох юм гэдгийг ч онцолжээ. Энэ мэтээс бодоход Монгол Улсын ирээдүй хол биш ердөө энүүхэнд 10-20 жилийн дотор л энэхүү 2 сая хүүхэд залуусын гар дээр ирнэ. Тиймээс их хаадын төрт ёсыг өвлүүлэн, эх түүхийнхээ оюун билэгт шүтэн өсч, хүмүүжих нь чухал байгааг ёслолд оролцсон эрдэмтэн, судлаачид хэлж байв.
Ж.Батсайхан