Архивын үзлэг улсын хэмжээнд дууслаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-23 14:03:43

Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг энэ оны 9 дүгээр сарын  07-ноос 11 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулж дууссаныг Архивын ерөнхий газар мэдээллээ.

Архивын ерөнхий газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Үндэсний төв архивын ажилтнууд болон архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй 23 ажлын хэсэг яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, тэдгээрийн харьяа нийт 130 байгууллагад улсын үзлэг явуулж, дүгнэсэн байна.

Улсын үзлэгт хамрагдсан байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын дундаж дүн 90,4 хувьтай гарснаас 82 байгууллага 90-100 /А буюу маш сайн/, 42 байгууллага 80-89 /В буюу сайн/, 3 байгууллага 70-79 /С буюу хангалттай дунд/, 3 байгууллага 60-69 /D буюу дунд/ үнэлгээтэй шалгагджээ. 2009 оны улсын үзлэгтэй харьцуулбал, 2015 онд хамрагдсан байгууллагын тоо 34-өөр өсч, байгууллагуудын дундаж дүн 0,5 хувиар буурсан байна. Энэ сарын 25-ны өдөр Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад улсын үзлэг хийх Төв комисс хуралдан, үзлэгийн дүнг эцсийн байдлаар хэлэлцэж, Засгийн газарт танилцуулна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ