Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар багийн хөгжлийн асуудлыг хэлэлцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-23 14:32:18

 Сэлэнгэ аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан анх удаа суманд боллоо.

Энэ сарын 20-ны өдөр болсон зөвлөлийн хурал аймгийн баруун 6 сумд болох Сайхан, Баруунбүрэн, Сант, Хушаат, Орхон, Орхонтуул сумдын Засаг дарга, багийн дарга нарыг оролцуулан анх удаа суманд бүчилж зохион байгуулсан нь шинэлэг хийгээд ач холбогдолтой үйл явдал болсон юм. Сайхан суманд болсон уг хуралдаанаар сумдын багийн хөгжлийн асуудлыг багийн дарга нараас нь сонсох, тус сумдын Засаг дарга нарын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, мөн Сайхан сумын “Хөтөлийн Цемент Шохой” үйлдвэр хувьд шилжиж буйтай холбогдуулан тус үйлдвэрийн усны төлбөр тооцооны асуудлын талаар хэлэлцлээ.

Түүнчлэн эдгээр сумдад малчин, тариаланчдын зохицлыг хангах журмын хэрэгжилт хэрхэн үр дүнд хүрч байгаа асуудалд хурлын гол зорилго чиглэгдэж байлаа. Хуралдаанд Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж, Хууль зүйн хэлтсийн дарга Ч.Даваадорж, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Отгонжаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ж.Батсайхан, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ч.Дэмбэрэлсайхан болон дээрх 6 сумдын Засаг дарга, багийн дарга нар, хэвлэл мэдээллийнхэн оролцлоо. Аймгийн Засаг даргын зүгээс багийн дарга нарын ажлын тайланг сонсоод “сэтгэлд хүрсэн, иргэддээ хүрсэн, сэтгэлд нийцсэн бодитой ажлын мэдээг олж сонссонгүй. “Цаасан буу”-аар ажил явуулахгүй шүү” бодит ажил, бодит үр дүнг хармаар байна, учир дутагдалтай анхаарал татсан зүйлүүд байна хэмээн шүүмжилсэн. Зарим сумд өнөө хүртэл багийн Иргэдийн нийтийн хурлаа хийгээгүй байлаа. Үүнийг даруйхан хийж иргэдээ сонсохыг үүрэг болгосон.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ