Усалгаатай газар тариалангийн анхдагч сумаас Улсын аварга малчин төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-02-12 13:38:29
Сэлэнгэ /МОНЦАМЭ/.  Сэлэнгэ аймгийн Сант сумын Ж.Цогтбаатарт Улсын аварга малчны шагналыг нь УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, аймгийн ХХААГ-ын Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний албаны дарга Н.Хурц нар гардууллаа.

Сэлэнгэ аймаг түүхэндээ олон удаа Улсын аварга малчин төрүүлж байсан боловч хөдөлмөрч, зүтгэлтэйгээрээ алдартай баруун аймгийн суугуул иргэд байдаг байжээ. Харин энэ удаа Сэлэнгэ аймгийн Сант сумын уугуул Ж.Цогтбаатар ийнхүү энэхүү эрхэм хүндтэй цолны эзэн болсон нь аймгийн түүхэнд унаган нутгийн тодотголтой анхны улсын аварга ажээ. Шинэхэн аваргын эхнэр А.Нэргүй энэ үеэр амаржиж, дөрөв дэх охин үрээ төрүүлсэн баярт мэдээтэй байлаа.

Улсын аварга малчин Ж.Цогтбаатар жилд 100 эхээс 120 төл хүлээн авч, жилд дунджаар 1600 гаруй кг ноос, нэг ямаанаас 50 гр ноолуур, жилдээ 12000 кг мах, 11000 литр сүү сүүг мал аж ахуйгаасаа үйлдвэрлэн гаргадаг байна. Өөрийн хүчээр жилд 80 орчим тн хадлан бэлтгэн авдаг ажээ. Мөн мал аж ахуйгаасаа жилд 80-аад сая төгрөгийн орлоготой ажилладаг амжилтаараа ийнхүү шагналын эзэн болжээ.   

Сант сум Монгол Улсын мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүс нутаг, усалгаатай газар тариалангийн анхдагч нутаг төдийгүй домогт Гоожнанаагийн нутаг гэдгээрээ онцлогтой.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ