Улсын аварга малчин, тариаланчдын шагналыг гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-02-12 21:40:14
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Алтан унжлагат гал тахиа жилийн "Улсын аварга малчин”-аар Дархан-Уул аймгаас Хонгор сумын Зулзага багийн малчин Мишигийн Дорлиг, Лхамрагчаагийн Тамирхүү, Орхон сумын Энхтал багийн малчин Санжийн Гантөмөр тодорсон байна. Харин "Улсын аварга тариаланч"-аар Орхон сумын тариаланч Базарын Ариунболд, Далайгийн Сүхболд нар шалгарчээ. Улсын аварга цол хүртэгсдийн шагналыг Улсын Их хурлын гишүүн Д.Хаянхярваа, Б.Баттөмөр, Б.Жавхлан болон аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат тэргүүтэй албаны төлөөлөл гардууллаа.

Улсын аварга малчдаас онцолбол С.Гантөмөр нь удам дамжсан малчин бөгөөд малч ухааныг эцэг, эхээсээ өвлөн эзэмшсэн мал маллах арга туршлагатай малчин бөгөөд сүүлийн 3 жилд 500-600 толгой малыг төлөөр нь өсгөн маллаж байна. Мал сүргийнх дотор эх малын 50 хувь хээлтэгч, 100 хээлтэгч тутмаас 90-95 хувиар төл авдаг, малын хорогдолгүй, малын ашиг шимийг бүрэн ашиглаж сүүгээр цагаан идээ хийж хүн амын хүнсний хэрэгцээнд эрүүл хүнсийг нийлүүлж байна. Түүний хийсэн цагаан идээ сумын хэмжээнд төдийгүй аймгийн зах зээлд танигдсан, амт чанар сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тэргүүний малчин залуу юм.
Түүний ажил хөдөлмөрийг төр засгаас үнэлж 2012 онд сумын “Сайн малчин”, 2014 онд аймгийн “Сайн малчин”-аар 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнасан байна.

Харин Улсын аварга тариаланч Б.Ариунболд нь 18 жил тасралтгүй газар тариалан эрхэлж, жилд дунджаар 15-20 га усалгаатай, 25 га усалгаагүй талбайд төмс, хүнсний ногоо тариалдаг ба 4 хүнийг байнгын ажлын байраар хангаж, жилд давхардсан тоогоор 300 хүнийг түр ажлын байраар ханган ажилладаг аж.
Тэрбээр жил бүр тариалалтаа 10 хувиар нэмэгдүүлж, цаг улирал, жилийнх нь онцлогт тохируулан арчилж ургацын чанарыг нэмэгдүүлдэг бөгөөд дунджаар нийт 40 га талбайд тариалалт хийдгээс шар манжин, хүрэн манжин, сонгино, лууван, төмс, гэх мэт 5 төрлийн таримлыг тарьж, эртний ургацыг тогтмол хураан авч байна.

Мөн Улсын аварга тариаланч Д.Сүхболд нь 2017 онд 21-га талбайд тариалалт хийснээс төмс 6 га-д 130 тн, лууван 10-га-д 400 тн, сонгино 1 га 25 тн, хүрэн манжин 2 га-д 44 тн, шар манжин 2 га-д 27 тн тус тус тарьж, өндөр ургац хураан авчээ. Тэрээр тариалангийн газрынхаа хөрсний үржил шимийг сайжруулахад онцгой анхааран ажиллаж агро техникийн шаардлагын дагуу хөрсөө боловсруулан тогтвортой өндөр ургац аван ажиллахын зэрэгцээ хөрсний үржил шимийг сайжруулах талаар идэвх санаачилгатай ажиллаж, 1 га-д дажаар 25 тн малын бууцыг халаан ялзруулан бордоо болгон тариалангийн талбайдаа ашиглах, мөн ээлжлэн тариалалтын системийг тариалалтдаа нэвтрүүлэн ажиллаж байгаа манай шилдэг, тэргүүний, туршлагатай ногоочдын нэг юм.

Улсын аварга тариаланч Д.Сүхболд 2017 оны тариалалтын хугацаанд 4 хүнийг ажлын байраар байнга ханган ажиллуулж, мөн хаврын тариалалтын болон намрын ургац хураалтын үеэр 900-3300 иргэнийг ажлын байраар ханган, тэднийг тухайн үеийн орон нутгийн ханшаар нийт 66.0 сая төгрөгөөр цалинжуулан ажиллуулжээ.
 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ