Өмнөговиос алтан ботго, алтан ишигний эзэд тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-02-20 14:33:42

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгаас алтан ботго, алтан ишигний эзэд тодорчээ.
Тийн унжлагат хэмээх шороон нохой жилээ Өмнөговьчууд амжилт бүтээлээр дүүрэн угтлаа. Тус аймгийн Гурвантэс сумын харъяат малчин Л.Баярсайхан, гэргий Г.Цэнд-Аюуш нар МҮОНТ-ийн "Таван-эрдэнэ" нэвтрүүлгийн нэрэмжит шагнал "Алтан ишигний эзэн"-ээр тодорчээ. Л.Баярсайханынх ямаан сүргийг голлон өсгөдөг бөгөөд энэ жил гэхэд 500 гаруй ишиг бойжуулахын зэрэгцээ 4 сая гаруй төгрөгийн цагаан идээг боловсруулан борлуулжээ.
Мөн Манлай сумын малчин Гаваагийн Даваа өнгөрсөн жилийн эцсийн мал тооллогоор 50 ботго тоолуулж ХХААХҮЯ, МҮОНРТ-ээс шалгаруулдаг "Алтан ботго"-ны эзнээр шалгарч шагналаа гардан авлаа. Галбын улаан тэмээний үүлдэр угсааг өсгөн үржүүлэх, ингэний сүү сүүн бүтээгдэхүүнийг боловсруулж зах зээлд нийлүүлэх, малын тоонд бус чанарт илүү анхаарч, мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж буй залуу малчин юм. Тэрээр тэмээ унаж уралдаж, нутгийн залуустай тэмээн пологийн спортоор улс, аймгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож спортын мастерын болзол хангасан байна. 
Мөн тус аймгийн Ханбогд сумын Номгон багийн тэмээчин Р.Хүү "Алтан ботго"-ны эзэн болжээ. 1993 оноос өнөөг хүртэл галбын говийн улаан тэмээгээ өсгөн үржүүлэх, сүү сүүн бүтээгдэхүүнийг боловсруулах, хилийн цэргийн дугаар ангийн хил хамгаалах туслах хүчин болон эргэх цагийн эргэлтэд хилчидтэйгээ нөхөрлөсөн тэмээчин бүсгүй 2017 оны мал тооллогоор сумандаа хамгийн олон ботго тоолуулсан байна. Тэрээр хил хамгаалах их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж 3 удаагийн хил зөрчигч илрүүлэн "Хошой онц хилчин"-ээр шагнагдсан гавьяатай ажээ. 

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ