Малчдад тусламж хүргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2018-02-23 09:55:10

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг өвөлжилт, хаваржилт хүндэрсэн 11 сумын 30 гаруй багийн малчидтай уулзаж, аймгийн аюулгүйн нөөцөөс өвс тэжээлийг хүргэж өгч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлээд иржээ.

Өнгөрсөн зун Завхан аймгийн хувьд гантай, гандуу байсан сумдад өвөлжилт хүндэрч найман сум цагаан зудтай, долоон сум зудархуу байна. Ялангуяа  Ургамал, Дөрвөлжин, Завханмандал суманд  хаваржилт хүндрээд буй ажээ. Ажлын хэсэг аймгийн аюулгүйн нөөцөд бэлтгэсэн 465 тн тэжээл, 214 тн өвснөөс дээрх сумдын малчны хотонд 92 тн өвсийг үнэгүй, 275 тн тэжээлийг хямдралтай үнээр хүргэж өгчээ. Мөн аймгийн Засаг даргын нөөц сангаас эдгээр сумдын эргэлтийн эмийн санд тус бүр нэг сая төгрөгийн эм, тариаг үнэгүй олгосон байна. Энэ үеэр цаг  хүндэрсэн үед аймгийн удирдлагууд малчдынхаа нөхцөл байдалтай танилцаж, санал бодлыг нь сонсож өвс тэжээлийг хотонд нь хүргэж өгч байгаад малчид талархлаа илэрхийлж байв.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ