Дархан хот АХБ-тай хамтран хог хаягдлын менежментээ сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-03-02 20:55:32
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын төлөөллүүд болон Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН3244/3245 төслийн удирдлагууд, техникийн зөвлөхүүдийг 03 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад УИХ-ын гишүүн Б.Жавхлан урилгаар оролцож аймагт хэрэгжиж байгаа төслүүдийн талаарх мэдээллийг сонсож харилцан санал солилцсон.

Дархан суманд жилдээ 47,5 мянган тн хог хаягдал ялгардаг, гэр хорооллоос гарч буй хог хаягдлын 80 гаруй хувь, нийт хог хаягдлын 56 хувийг тус тус дахин боловсруулах боломжтой ажээ.

Иймд энэхүү хуурай хог хаягдлыг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эрчим хүч, дулаан гарган авахад Азийн хөгжлийн банкнаас дэмжлэг үзүүлэхийг аймгийн удирдлагууд хүслээ. Тус уулзалтын үеэр “Эко нойл” төслийг аймгийн удирдлагууд танилцуулсан.Зах зээлийн үнээс 800.000 мянган төгрөгөөр хямдаар эко нойл үйлдвэрлэж аймгийн иргэд төдийгүй төвийн бүсдээ нийлүүлэх боломж, хүчин чадал байгаа талаар танилцууллаа.

Хуурай хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулах, Эко нойл байгуулах төслийг уялдуулан хэрэгжүүлвэл хөрс, усны бохирдлыг бууруулах, Хараа голын усны бохирдлыг багасгах, чанарыг сайжруулах, байгаль орчныг хамгаалах гээд олон давуу талтайг аймгийн удирдлагууд Азийн хөгжлийн банкны төлөөллүүдэд танилцуулаад дээрх 2 төсөлд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Жавхлан АХБ-ны санхүүжилтээр Дархан-Уул аймагт Эко сургууль байгуулах гэж байгаа талаарх мэдээллийг өглөө.
 
Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ