Америкийн Ририй-Вудбери бүжгийн сургуулийнхан Монголд зочилно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
mn_tuul@montsame.mn
2018-03-09 11:19:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-тай хамтран тус улсын Төрийн Департаментын Боловсрол соёлын асуудал эрхэлсэн товчооноос хэрэгжүүлдэг Бүжгийн урлагийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Юта мужийн Солт Лейк хотын Ририй-Вудбери бүжгийн сургуулийнхан тавдугаар сарын 2-16-нд манай улсад хүрэлцэн ирнэ.
 
Тус хөтөлбөрийн хүрээнд америк бүжгийн хамтлаг, уран бүтээлчид дэлхийн улс орнуудад зочилж, бүжгийн урлагаар дамжуулан тухайн улс орны оюутан сурагчид, мэргэжлийн уран бүтээлчдэд америк соёл, үнэт зүйлст суралцах боломж олгодгоороо онцлог юм. Энэ үеэр цуврал болон арга зүйн сургалтууд болон үзүүлэх тоглолт зохион байгуулах аж. 
 
Ририй-Вудбери бүжгийн сургуулийн 45-90 минутын нэг буюу түүнээс дээш сургалтыг өөрийн сургууль буюу байгууллага дээр зохион байгуулах сонирхолтой бүжгийн сургууль, боловсролын байгууллагууд энэ сарын 1-16-нд төслийн саналаа АНУ-ын ЭСЯ-нд хүргүүлсэн байх юм. Сургалт, үзүүлэх тоглолт болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг оролцуулах хичээлийн нийт оролцогчдын тоо нь 25-аас хэтрэхгүй. Төслийн саналыг энэ сарын 16-ны 17:00 цаг хүртэл pao@usembassy.mn, эсвэл ErdenetsetsegB@state.gov  хаягаар хүргүүлнэ. Эцсийн шийдвэрийг ирэх сарын 1-ний дотор гаргаж, хариуг цахим шуудангаар мэдэгдэх гэнэ.
Б.Туул
Холбоотой мэдээ