“Баруун-Урт хотын цом” лигийн тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-03-12 11:54:14
Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Баруун-Урт хотын цом-2018” сагсан бөмбөгийн лигийн тэмцээн эхэллээ. Тэмцээнд оролцогч найман баг хоёр хэсэгт хуваагдаж, хоёр сарын турш өрсөлдөх юм. Тэмцээнийг Сүхбаатар аймагт Биеийн тамир спортын байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд тус газартай хамтран зохион байгуулж байгаа юм.

“Сагсан бөмбөг сонирхогч залуусын саналд үндэслэн зохион байгуулагдаж ирсэн энэ тэмцээн маань сүүлийн гурван жил завсардаад байсан. Ер нь манай сагсан бөмбөг сонирхогч залуусын хүсэн хүлээдэг, маш ширүүн өрсөлдөөнтэй болдог тэмцээн. Оролцогч багуудын тамирчдын ур чадвар, өрсөлдөөнийг жигд байлгах үүднээс тамирчдын хуваарилалтанд ч их анхаарсан. Энэ жилийн хувьд жигд найман баг өрсөлдөж байна. Тэмцээн лигийн тэмцээний дүрмээр явагдана, долоо хоног бүр хоёр тоглолт явагдаж байна. Баг тус бүр ивээн тэтгэгч эзэнтэй. Тэгэхээр тэмцээний үеэр ивээн тэтгэгч, эзэн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах боломжийг нээлттэй олгож өгсөн. Залуучуудын хүсэл сонирхолд тулгуурлаж буй гэдэг утгаараа улс төрөөс ангид байлгах ёстой. Үүгээрээ ч бид залуусаа татаж чадаж байгаа гэж бодож байна.” хэмээн тэмцээний зохион байгуулагч А.Лхагва-Очир хэллээ.

Баруун-Урт хотын цом сагсан бөмбөгийн лигийн тэмцээн зургаа дахь жилдээ болж байна.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ