Тэсийнхэн “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” уриан дор цасны баяраа тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-03-13 11:55:33
Увс /МОНЦАМЭ/. Тэс сумын байгууллага, ард иргэдийн дунд жил бүр зохион явагддаг цасны баяр "Хөдөлгөөн-Эрүүл мэнд" уриан дор өнгөрсөн ням гарагт болсон байна. Энэхүү арга хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 11 баг оролцож, цасны сумо, олс таталт, мөсний шагай, буухиа тэмцээн, хээрийн цайны амт гэсэн төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулжээ.
Тэмцээний эхний гурван байрыг сумын ЗДТГ, Ахлах сургууль, Хар Үзүүрийн бага сургуулийн хамт олон эзэлсэн байна. Харин тусгай байранд "Цагаан толгой" ХХК-ийн баг хамт олон шалгарчээ. Хээрийн цайны амт тэмцээнийг тусад нь дүгнэсэн бөгөөд "Таван Тэсийн илч" орон нутгийн өмчит аж ахуйн газрын хамт олон гурван төрлийн цайгаараа энэхүү тэмцээнд тэргүүлсэн байна. Тус тэмцээнийг жил бүр аль нэгэн байгууллага зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн тэмцээнийг сумын Эрүүл мэндийн төв хариуцан явуулжээ. Харин ирэх жилийн тэмцээнийг "Таван Тэсийн илч" орон нутгийн өмчит аж ахуйн газрын хамт олон хийхээр болсон байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ