300 малчин өрхөд олон улсын хүмүүнлэгийн байгууллагын тусламж ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-03-15 12:12:06
 Увс /МОНЦАМЭ/. Хаваржилт хүндэрч байгаа Өндөрхангай, Завхан, Баруунтуруун сумдын зорилтот 300 малчин өрхөд Олон Улсын Улаан Загалмай/ОУУЗ/, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Гамшгийн бэлэн байдлын сангаас 73 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэнийг аймгийн УЗХ-оос малчдад хүргэх ажлыг зохион байгуулж эхлээд байна. Энэхүү ажилд аймгийн УЗХ-ны дэргэдэх сайн дурын идэвхтнүүд онцгой үүрэг гүйцэтгэж байна.
Аймгийн УЗХ-оос ОУУЗ ба МУЗН-үүдэд хандаж өвөлжилт хүндэрсэн малчдад мөнгөн болон эд материалын тусламж дэмжлэг үзүүлэх ажлыг энэ өвөл үе шаттайгаар зохион байгуулжээ. Энэ дагуу Тэс, Сагил, Давст сумын 150 малчин өрхөд тус бүр 240 мөнгөн төгрөг, малд шим тэжээлтэй зургаан төрлийн амин дэм зэрэг нийтдээ 63 сая төгрөгийн дэмжлэгийг оны өмнөхөн хүргүүлсэн байна.
“Аймгийн УЗХ-оос энэ өвлийн турш малчиддаа туслах ажилд онцгой анхаарал хандуулж, олон улсын хүмүүнлэгийн байгуулагуудад хандсанаар хоёр дахь удаагийн малчдад туслах сайн дурын аяныг ийнхүү өрнүүлж байна. Байгаль цаг уурын хүндрэлтэй нөхцөлд малынхаа төлөө амсхийх завгүй хөдөлмөрлөж байгаа малчиддаа сэтгэлийн гараа сунгаж, бага их гэлтгүй хүмүүнлэгийн аянд нэгдэхийг ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан уриалж байна” хэмээн аймгийн УЗХ-ны дарга Э.Дуламсүрэн мэдээллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ