Вьетнам улстай гамшгийн эрсдлийн талаар хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-03-20 10:27:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотноо энэ сарын 15-16-ны өдөр зохион байгуулагдсан “Гамшгийн эрсдлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг Ази, Номхон далайн бүсийн хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх нь: Гамшигт тэсвэртэй хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоог сайжруулах нь" сэдэвт бүсийн бага хуралд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг оролцоод ирлээ. Тэрбээр хурлын үеэр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Байгалийн гамшгийн эрсдлийг удирдах төвийн орлогч дарга ноён Тран Чуан Хоай тэргүүтэй удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам хооронд нягт, бүтээлч хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, гамшгийн удирдлага, менежментийн салбарт хэрэглэгдэж буй тэргүүн туршлагыг солилцох, онцгой байдлын албаны боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, холбогдох хууль тогтоомж, бодлого, дадлага, дүрэм журамд техникийн туслалцаа үзүүлэх зорилготойгоор хамтран ажиллах санамж бичгийг байгуулахаар тохиролцов. Санамж бичгийг 2018 оны 07 дугаар сарын 03-06-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах “Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ын үеэр үзэглэхээр талууд санал нэгдсэн байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ