Геологийн салбарын 40 жилийн судалгааны тайланг ОХУ-аас Монголд шилжүүлэн өглөө

Монголын мэдээ | Уул уурхай
gantuya@montsame.mn
2018-03-21 12:30:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд 1950-1990 оны хооронд гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын ОХУ-ын "Росгеолфонд"-д хадгалагдаж байгаа тайлан, материалуудын эхний хэсгийг Монголын талд өнөөдөр шилжүүлэн өглөө. 

Монголын Геологийн салбарт онц чухал ач холбогдолтой энэхүү тайланг шилжүүлэн өгөх хэлэлцээ 2008 оноос эхэлсэн бөгөөд хоёр орны геологийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд олон жил яригдаж өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байсан юм. ОХУ-ын Геологийн фондод хадгалагдаж байсан 1960-1990 оны үеийн манай нутаг дэвсгэрт хийсэн геологийн хайгуулын ажлын тайлангуудыг шилжүүлэн өгөх асуудлаар өндөр, дээд түвшний уулзалтууд болон Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаануудаар тогтмол хэлэлцэж ирсэн.

Харин энэхүү хэлэлцээ шийдэлд хүрч, Монголын талд ийнхүү хүлээлгэн өгөх шийдвэрт хүрснээр өнөөдөр тайлангуудыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт хүлээлгэн өгөв.    

Нийт 70 диск бүхий эдгээр тайлан, материалууд нь Монгол Улсын геологийн мэдээллийн санд орсноор геологийн ашигт малтмалын салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулах төдийгүй Монгол орны геологийн шинжлэх ухаан, эрдэс түүхий эдийн салбарт үнэлгээ өгөхөд мэдээлэл болж, энэ салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахад чухал үүрэгтэй юм. 



УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар "Эдгээр тайлан нь Монгол Улсын геологи хайгуул, уул уурхайн бүтээн байгуулалт, эрдэнэсийн сан хөмрөгийн ажилд үнэтэй хувь нэмэр оруулна. Монгол орны нутаг дэвсгэрт хуучнаар ЗХУ-ын геологийн экспедицийн  гүйцэтгэсэн геологийн судалгааны тайлангуудыг тухайн цаг үеийн нөхцөл байдлаас болж Улсын геологийн фондод тушаагдаагүй байсан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон холбогдох газрууд ОХУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран ажилласнаар тухайн тайлан, материалуудыг өнөөдөр хүлээн авч байна. Эдгээр тайлан, материалууд нь Монгол Улсын геологийн мэдээллийн санд орсноор манай улсын геологийн ашигт малтмалын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй бөгөөд Монгол орны геологийн шинжлэх ухаан, эрдэс түүхий эдийн салбарт үнэлгээ өгөхөд чухал мэдээлэл болно" гэв. Мөн эдгээр тайлан материалууд нүүрс, газрын тос, алт, жонш, уран зэрэг олон арван ашигт малтмалын чиглэлээр мэдээллийн санг арвижуулан баяжуулсан, эрдэс баялгийн түүхий эдийн сан хөмрөгийг нэмэгдүүлсэн, эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн үед геологийн салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах нөхцөл бүрдүүлсэн түүхэн ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг онцлон хэлсэн юм.   



Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Аливаа геологийн хайгуулын мэдээлэл бол маш үнэтэй зүйл байдаг. Маш их эрсдэлтэй учраас их хэмжээний хөрөнгө төсөв шаарддаг. Шинээр хөрөнгө босгож энэ мэдээллийг цуглуулна гэдэг маш хүнд. Харин энэ мэдээлэлд тулгуурлаж хөрөнгө оруулалт татаж, дараагийн төлөвлөгөөгөө гаргахад ихээхэн хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид хайгуул хийгээд суурь мэдээлэл их дутагддаг учраас хамгийн хэрэгтэй мэдээллийг нь авч ирж байгаа юм" хэмээлээ. 

УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын мэргэжилтэн Ц.Мөнхцэнгэл "Одооны түвшинд үнэлбэл энэ тайлангууд асар үнэтэй. Монгол Улс жилд 10 тэрбум төгрөгийг геологийн судалгаанд төсөвлөгддөг. Гэтэл энэ тайлангуудын нэг нь гэхэд нэг сая ам.долларт хүрч байна. Геологийн зураглал, геофизик, уран, өрөмдлөг, алт, жонш, нүүрс, нефть, тэр бүү хэл алмаазын судалгаа энд бий. Энэ бол хөрөнгө оруулагчдын сонирхлыг маш их татна. Тэр хэмжээгээр Монголын геологийн салбарын хөгжил эрчимжинэ" гэлээ. 

Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ