Байгаль орчныхны өдөрлөгт салбарын сайд нь оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-03-21 22:19:32
Увс /МОНЦАМЭ/. БОАЖ-ын салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг Монгол орон даяар энэ сарын 16-20-ны хооронд зарласантай холбогдуулан аймгийн байгаль орчны салбарын байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Улаангом хотноо боллоо.
Нээлттэй хаалганы өдөрлөгт БОАЖ-ын сайд, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат болон аймгийн удирдлагууд оролцож мэдээлэл хийлээ. Тус салбарын сайд энэ үеэр хэлсэн үгэндээ байгаль орчны бохирдлыг хэрхэн багасгах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, хог хаягдлыг боловсруулах, ундны цэвэр усыг хамгаалах зэрэг асуудлаар яамнаас авч хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар товч танилцууллаа. Ялангуяа хуванцар сав, гялгар уутны хэрэглээ маш их байгаа ч эдгээрийг боловсруулахгүйгээр шууд хог хаягдал болгож байгаа нь байгаль орчинд асар их хор хохиролтой гэж байв. Иймээс гялгар уут, хуванцар сав суулганаас аль болох татгалзах, эсвэл эдгээр хог хаягдлыг ангилан ялгаж, дахин боловсруулдаг болох тал дээр яамнаас анхаарч ажиллаж байгаа гэлээ.
Өдөрлөгийн хүрээнд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талын мэдээ мэдээллийг байгаль орчныхон иргэдэд өгч, тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
Б.Батхүү
Холбоотой мэдээ